ЦЕГ-ын Мөрдөн шалгах албанаас хоёр ГАВЬЯАТ ХУУЛЬЧ төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар зарлигаар цагдаагийн хурандаа Э.Идэрцог, цагдаагийн хурандаа Г.Ганболд нар Монгол Улсын “Гавьяат хуульч” цол хүртлээ.
Тэгвэл ЦЕГ-ын Мөрдөн шалгах албанаас Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, тэмдгээр шагнагдсан гавьяат хуулчьдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, залуу хойч үеийнхэнд ажилдаа эзэн болох үнэт сургамж, бахархал болоод зогсохгүй, тэдэнд асар их урам зориг, эрч хүч өгч буйг цохон тэмдэглэсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Г.Ганболд, цагдаагийн хурандаа Э.Идэрцог нараас бие бүрэлдэхүүнд өөрсдийн хуримтлуулсан туршлага, ажил амьдралын дурсамжаасаа хуваалцаж, ажлын амжилт хүссэнээр энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
Монгол Улсын төрийн дээд шагнал "Гавьяат хуульч" цол тэмдгээр шагнагдсан эрхэм удирдлагууддаа Мөрдөн шалгах албаны даргын зөвлөлийн гишүүд болон нийт хамт олны нэрийн өмнөөс дахин баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


























