20:00 цагийн байдлаар 507 мянган автомашин хөдөлгөөнд оролцжээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй “Амгалан” цагаан сар арга хэмжээний хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагчид хиймэл оюун ухаан болон камерын нэгдсэн системийн мэдээлэлд тулгуурлан авто замын нөхцөл байдлыг үнэлж, хөдөлгөөн зохицуулалтыг шуурхай хэрэгжүүлж байна.
Шинийн 1-ний 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар нийт 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдэж, цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон үзүүлэлттэй байгаа нь уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойг ЗХУТ-өөс онцолж байгаа юм.
Мөн энэ өдөр тэг зогсолт болж гацсан уулзвар, тойрог байсангүй. Ачаалалтай гудамж, зам өдрийн тодорхой цагуудад камерын нэгдсэн системд харагдсан ч "Хашаагаа нээе" аяныг өрнүүлж, зогсоолын болон хөдөлгөөн зохион байгуулалтын менежментийг давхар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Нийслэлчүүд цагаан сараараа тэг зогссонгүй" гэдгийг НИТХ-ын дарга А.Баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Мөн Шинийн 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд хулгайлах, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ердийн өдрөөс 86 хувиар буурсан таатай мэдээг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.









