Б.СЭМЖИДМАА: Би ДҮҮРГИЙНХЭЭ тендер, худалдан авалтад ОГТ ОРОЛЦДОГГҮЙ Б.СЭМЖИДМАА: Би ДҮҮРГИЙНХЭЭ тендер, худалдан авалтад ОГТ ОРОЛЦДОГГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.СЭМЖИДМАА: Би ДҮҮРГИЙНХЭЭ тендер, худалдан авалтад ОГТ ОРОЛЦДОГГҮЙ

2024 оны 9 сарын 23

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаатай ярилцлаа. 

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт 2,4 дахин нэмэгдсэн байна.  Энэ хэрээр бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдсэн гэсэн үг үү? 

- Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь иргэдийнхээ төлөө шийдвэр гаргадаг гол субьект. Бид иргэдээс ирсэн саналын дагуу хамгийн их тулгамдаж буй асуудлуудаа эрэмбэлж, хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргадаг. 

Баянгол дүүргийн хувьд бусад дүүргээс ялгаатай нь татаас авдаг биш төсөв төвлөрүүлдэг дүүрэг. Манай дүүрэг жилдээ 150 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж нийслэлд өгдөг. Өөрөөр хэлбэл 95 орчим хувийг нь нийслэлд өгдөг гэсэн үг.  Гэхдээ сүүлийн хоёр жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт 2,4 дахин нэмэгдэж,  нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. 

Тухайлбал, Баянгол дүүрэгт 2021 онд 104 тэрбум төгрөгийн төсөв баталж байсан бол 2023 онд  нэмэгдээд 174 орчим, 2024 онд 243 тэрбум төгрөгийн төсвийг дүүргийн ИТХ-аас иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулахын төлөө  баталсан.  
Үүний үр дүнд 6 сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, нэмээд 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох гээд байж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 3000 гаруй гараажийг буулган нийтийн эзэмшлийн 70,200 мкв газрыг чөлөөлж, авто зогсоол, тоглоомын талбай, тохижилтийн ажлууд хийгдсэн. 137 байршилд 60,6 км авто замыг шинээр тавих буюу өргөтгөн шинэчилсэн. Иргэдээс ирсэн саналын дагуу 189 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилтын ажлууд хийгдсэн байна.

Мөн 18 хорооны 52 байрны гаднах фасад дуулаалгын ажлыг хийснээр 6000 орчим өрх дулаахан өвөлжих боломж бүрдсэн гээд тоочвол иргэд рүүгээ чиглэсэн олон ажлууд хийгдсэн. 

-Таныг ИТХ-аас гаргасан шийдвэрийнхээ хяналт дээр маш зарчимтай ханддаг хүн гэж сонссон. Энэ их бүтээн байгуулалтын гүйцэтгэлд хэрхэн хяналт тавьдаг вэ? 

-Иргэдийн төлөөлөгч бол иргэдийн санал, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, шийдвэрт нь тусгуулахын төлөө л ажилладаг байх ёстой. Энэ ч утгаараа бид татвар төлөгчдийн мөнгийг нэн шаардлагатай, зайлшгүй хийгдэх ажлуудад зарцуулагдаж, үр дүнгээ өгөөсэй хэмээн ИТХ-аараа хэлэлцэн баталдаг. Миний бие ИТХ-ыг ахалж байгаагийн хувьд аливаа асуудалд тэгш, зарчимтай хандахыг хичээдэг. Цаасан дээр буусан төлөвлөгөө бодит ажил болохыг шаарддаг.

Миний хувьд дүүргийнхээ тендер, худалдан авалтад хөндлөнгөөс огт ордоггүй. Хэрэгжүүлэх субьект нь ном журмаараа хийх ёстой харин бид хяналтаа тавих ёстой гэсэн үндсэн чиг үүрэг, зарчмаа барьж ажиллахыг ямагт хичээдэг. 

-Таны хувьд Баянгол дүүргийн анхны эмэгтэй ИТХ-ын дарга. Эмэгтэй улс төрчийн хувьд хүндрэлтэй, хэцүү зүйл байдаг уу?

-Миний хувьд хэцүү зүйл байдаггүй. Эсрэгээрээ эмэгтэй хүний давуу тал гэж бий. Эмэгтэй улс төрчдийн хувьд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчдийнхөө дунд зохион байгуулалтын ажлуудыг маш сайн хийж өгдөг давуу талтай. Шийдвэр гаргахад хөрөнгө оруулалтын давхардлыг арилгах, орхигдсон асуудлыг нэмж оруулах, хүний эрх, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын тал дээр түлхүү иргэндээ хүрсэн ажилд илүү нөлөөлж, дэмжлэг авч чаддаг онцлогтой.  

Ер нь хараад байхад эмэгтэй хүн илүү хүлээцтэй, тууштай байдаг юм шиг санагддаг. Энэ ажлыг хийж чадна, чадахын төлөө хичээж тууштай зүтгэнэ гэж сонгосон л бол асуудал яриад, ялархаад байх нь утгагүй. Миний хувьд хүнийхээ хөгжил рүү чиглэсэн шийдвэр гаргахыг зорьдог. 

Тухайлбал, манай дүүргийн ИТХ нь бие даасан долоон давхар байртай. Энэ давуу талаа ашиглаад бизнес эрхэлж буй иргэд үнэ төлбөргүй, цагаа бичүүлээд өрөө, танхимыг ашиглах, уулзалт, сургалтаа хийх боломжтой болгосон. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулж, гадаадад төгссөн хоёр сэтгэл зүйч ажиллаж байна. Цаг авсан иргэдэд үнэ төлбөргүй сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Энэ бол орчин цагт байх ёстой үйлчилгээ гэж харсан учраас ажил болгосон. 

Баянгол дүүргийн эмэгтэй төлөөлөгч нараа уриалаад, хамтдаа ИТХ-ынхаа дэргэд цэцэрлэг байгуулсан. Энэ намар 50 гаруй хүүхэд уг цэцэрлэгт явж байна. Үүний цаана 50 ээж, аав сэтгэл амар ажлаа хийх боломж бүрдэж байгаа юм.

Иргэдээс ирсэн саналын дагуу өрхийн эрүүл мэндийн 20 төвд 14 нэр төрлийн 60 ширхэг оношилгоо, эмчилгээний  төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гээд олон ажлуудыг ИТХ-аас санаачлаад хэрэгжүүлдэг. 

Ер нь иргэдээс ирсэн саналын дагуу аливаа зүйлийг том, жижиг гэлтгүй боломж бололцоог нь ашиглаад ажил болгочих юмсан хэмээн зорьдог 

-Та өнгөрсөн хугацаанд төлөөлөгчөөр ажиллахдаа дүүргийнхээ багш нарыг БНСУ, Японд суралцах, туршлага судлах боломжийг нээсэн байна? Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу? 

-Манай дүүргийн хувьд 21 сургууль, 2700 орчим багштай. Баянголыг боловсролын жишиг дүүрэг болгох зорилт тавьж, “Багшийн чадвар бэхжүүлэх хөтөлбөр”-йиг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд дүүргийн бүх сургуулийнхаа сургалтын менежер, 127 багш нарыг БНСУ, Япон улсад туршлага судлуулах ажлыг зохион байгууллаа. Мөн нэмээд дүүргийнхээ 500 багшид гадаадаас багш авчирч сургалт явуулж, ажлын байран дээрээ сурч хөгжих боломжийг бүрдүүлсэн. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд манай дүүргийн багш нар тогтмол сургалтад хамрагдаад явах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна дүүргийнхээ бүх багш нарыг компьютержуулж, шаардлагатай техник хэрэгслээр нь хангахад анхаарч ажилладаг. Багшийн ажиллах орчин, боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байж бид хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшлүүлэх боломж илүү нэмэгдэнэ. 

-Өнгөрсөн хугацаанд таны хийсэн ажлуудыг хараад байхад хүүхэд, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд рүү түлхүү чиглэсэн байх юм? 

-Миний хувьд Баянгол дүүргийн гол нь хүүхэд, гэр бүл гэж хардаг. Хүүхдэд нийцсэн стандарттай хот л ямар ч иргэний аюулгүй байдлыг бүрэн хангана. Тиймээс хүүхдийн өмнөөс аюулгүй байдлыг нь, стандартыг нь төлөвлөж, тооцож шийдвэр гаргадаг байя гэж байнга төлөөлөгч нартаа хэлдэг. 

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд анх удаа Баянгол дүүрэг зам тээврийн осол гардаг эрсдэл бүхий 11 ЕБС-ийн судалгааг гаргаж, тээврийн хэрэгслийн дугаар илрүүлэгчтэй хяналтын камеруудыг суурилуулж эхэлсэн. Хүүхдүүд сургууль орчимд аюулгүй, тайван зорчдог байх ёстой. 

Манай цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид нь голдуу хүүхэд, эмэгтэйчүүд байна аа гэсэн судалгааг үзүүлсэн. Үүнийг хараад тэднийг хамгаалах стандартын дагуу байр хэрэгтэй юм байна хэмээн үзээд гурван жилийн өмнө Баянгол дүүрэг анх удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдэд туслах “Түр хамгаалах байр”-тай болсон. Түр хамгаалах байр нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, олон улсын стандартад нийцсэн орчинд хууль эрх зүйн үйлчилгээгээр хангах зэрэг олон талын үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхөөр тохижилтыг хийж өгсөн. Мэдээж энэ байранд ирэх хүүхдийн тоо жилээс жилд буураасай хэмээн хүсдэг дээ. 

-Баянгол дүүргийг ногоон бүс болгон камержуулахад таны нөлөө их байсан гэж хүмүүс ярьдаг? 

-Баянгол дүүргийн өнцөг булан бүр аюулгүй, тайван байгаасай хэмээн хүсдэг. Үүний тулд камержуулалт маш чухал. Камертай газар гэмт хэргийн гаралт бага байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс бусад улс орны нэгэн адил дүүргээ бүрэн камержуулж, ногоон буюу аюулгүй дүүрэг болгох зорилт тавьсан. Мэдээж камержуулалт төсөв, засвар үйлчилгээ нэлээдгүй шаарддаг учраас бид жил, жилээр төлөвлөн ажил болгож байна. Манай дүүргийн зарим хороо ногоон бүс болж бүрэн камержаад байгаа. Амар тайван амьдрах орчин үүнээс л эхэлнэ. Гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, тоглоомын тайлбай, явган хүний зам талбай, гудамж гээд наад захын хийх ёстой бүтээн байгуулалтын ажлуудыг тогтмол хийх нь манай дүүргийн үндсэн зорилтуудын нэг. Дүүргийн ИТХ-ын зүгээс прокурор, цагдаагийн байгууллагатай нягт уялдаатай ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай дэмжлэгүүдийг тогтмол үзүүлдэг. 

-Баярлалаа танд, ажилд нь амжилт хүсье! 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659055
0 эможи

БГД ийн дарга нарт
2024-09-25 05:19
БГД -14 хорооны 18 -р байр тойрсон зөвшөөрөлгүй ДЭЛГҮҮРҮҮДИЙГ БУУЛГАЖ ОРШИН СУУГЧДЫН МАШИНЫ ЗОГСООЛ ГАРГАЖ ӨГӨХ БОЛОМЖ БАЙНА УУ? гАРААжуудаа буулгуулаад гаднаа машин тавих зогнсоолгүй болсон.
Zochin
2024-09-24 14:52
BG duuregiin 5 horoo.Nomingiin ard duuren hogtoi hooson gazar hashaatai 13 jil bolloo.Ezengui uom bol mashini zogsool bolgooche.5r horooni zam talbai.huuhdiin togloomiin talbai goe bolj .ih ajil hiij bga.Daanch gudamjnaas huugdsen TUTSnuud bairni dund tabiad ambaar sab.zuvshuurelgui chiher huns zarj bn.5 r horoond Nomin.EFES.IMart geed olon tom 2 delguur bn.Mahni.bolon busad TUTS nertei huvi ailiin aguulah shan zassan talbaid sur daraad baih ymarch shaardlaggui.MAHnii ymar tom TUTS bn.hereggui.zailuulj egeerei.Amjilt husie.
keyboard_arrow_up