Төв цэнгэлдэхийн газрыг 29 хувааж заржээ
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын маргааны талаар мэдээлэл өгч байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд байгаа юм. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Иргэдийн өмч байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлдээ буцаан авахаар ажиллаж байна.
1999 онд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 38.6 га газрыг ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглах эрх өгсөн. Ашиглах эрх нь бусдад шилжүүлэх боломжгүй, зөвхөн зориулалтын дагуу ашиглах эрх байдаг. Харин одоо энэ газар 12.6 га буюу гурав дахин багассан.
Төд удалгүй буюу газар авсныхаа дараа 2000 онд дахин өмч хувьчлал болсон. Төрийн өмчийн хороонд явагдаж, тухайн үед 30 хувийг эзэмшиж байсан Т.Нямдаваа гэдэг хүн өөрөө давуу эрхтэйгээр 19 хувийг нэмж авснаар нийт 49 хувийг эзэмших болж, нийслэл 51 хувийн хувьцаатай болсон.
2000 оноос хойш Төв цэнгэлдэхээ хэрхэн ашиглах талаар нийслэл хэлэлцэж, ажиллагаанууд явагдах зуурт гол эргэлтийн цэг нь 2004 онд болсон. Тодруулбал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын тогтоол байхгүйгээр зөвхөн хамтарсан "Төв цэнгэлдэх хүрээлэн" гэдэг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-өөр нийслэлийн өмчийн хоёр хувийг Т.Нямдаваа буюу хувийн өмч болгоод нийслэл 49, Т.Нямдаваа 51 хувь болгоё гэсэн байгаа юм. Эндээс эхлээд 38.6 га газар ихэвчлэн бусад этгээд рүү шилжиж ирсэн.
Уг нь 2005-2006 оны үед НИТХ-аас шүүхэд хандсанаар 2008 онд эцэслэгдэн шийдэгдсэн. Гэтэл шүүхээр шийдэгдээгүй байх үед буюу 2007 онд Т.Нямдаваа нь "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гээд бүртгүүлчихсэн байна.
Төв цэнгэлдэхийн орчимд ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглагдах ёстой 38.6 га газар одоо 29 хуваагдсан. Бүх мэдээлэл нь тодорхой бий" гэлээ.
Эргэн сануулахад, Т.Нямдаваа өмнө " Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан" гэдэг мэдээллийг өгч байсан.