Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо.
“Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Та бүхэнд ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Уудам сайхан эх орныхоо алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах Монгол Алтайн нурууны салбар уулсад хамаарах Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид өнөөдөр хуран цуглаад байна.
Энэ жил Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай монгол төрийн ариун гал голомтыг бадраан Их Монгол Улсыг байгуулсан түүхт 820 жилийн тэгш ой тохиож байна.
Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.
Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, эв нэгдлийн бэлгэдэл, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.
Их Эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан билээ.
Эзэн Богд Чингис хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий дахинд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан түүхтэй.

















