100 гаруй жилийн өмнө “Шинэ толь“ сонин Монтенегро улсын тухай танилцуулга нийтэлж байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович манай улсадтөрийн айлчлал хийж байна.
Тэгвэл манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулга нийтлэгдэж байжээ.
Хөрвүүлэг:
Черногор Улсын учир
Черногор хэмээх үгийг орчуулбаас Хар уул хэмээсэн үг. Энэ улс нутаг нь хэцүү, уул хад олон бөгөөд хар өнгөтэй тул тийнхүү нэрийдэв. Харьяат хүмүүн нар нь цэргийн авьяас ихтэй, баатар шударга зантай, аж төрх нь бүдүүлэг боловч газар орны бэрх дор итгэж Түрэгийн гарт орж өгсөнгүй (ороогүй) улс болой.
Балхан (Балкан) газрын тал арлын Болгар, Румани (Румын), Гриц (Херцеговин) зэргийн улсууд цөм Түрэг Улс (Османы Эзэнт Гүрэн) дор дийлэгдэж боол нь болон хэдэн зуун он дор туйлын зовлон үзсэн боловч бяцхан Черногорын эрчүүд хэдий хүний тоо цөөхөн боловч Түрэгийг дагасан газар нэг ч үгүй. Черногорын хүний тоо халхын гурван аймгийн хэртэй. Эр эм нийт хоёр бум дөрвөн түм. Цэргийн тоо гурван түм таван мянган хүн. Газрын уужим нь долоон мянга есөн зуун гучин түйбод мод (хавтгай дөрвөлжин км). Үүнийг бодвоос халхын нэг ихээхэн хошууны нутгаас ихгүй. Газар нутаг нь маш үржилгүй хад чулуу эзэлсэн ядмаг тул улсын сан хогшил ер ихгүй болой. Олонх албат нь мал өсгөж аж төрмүй. Улсын нэг жилийн зарлага нэг сая зургаан бум цаас. Улсын өр долоон бум цаас. Төмөр зам нь арван зургаан мод (км). Нийслэл хот нь Цетинье. Таван мянган хүн суумуй. Энэ бяцхан улсын дүрэм нь хэмжээт засгийн журамламой (журамтай). Эзэн нь хороли (Король-Хаан) цолтой. Энэ Черногорын Улс анхаас хойш сайн алдартай.

Урьд дөчин жилийн үед дээр нэр бүхий Серби, Болгар, Румани, Гриц зэргийн улсууд Түрэгийн зовлонгоос салъя хэмээн хэдэн удаа байлдахуй дор Их Орос Улс туслалцаж бас Черногор Улс чадлаараа туслалцсан зүй ёс тасаршгүй хэмээх байтугай. Одоохон үе Балханы газраа хэрэг дэгдэхүй дор Болгар, Серби, Гриц, Черногор энэ дөрвөн улс санаа нийлж Түрэг Улсыг байлдахуй дор Черногор удирдан орсон ба Түрэгийн сүүдэр хэмээх бахь (бат) бэрх боомт хэрмийг байлдан авчухуй (авсан).
