А.Үйлстөгөлдөр: Улс орнуудын цэрэг, армийн зардал $2.9 их наядад хүрч, дээд хэмжээгээ тогтоосон. Гэтэл байгалиа хамгаалах санхүүжилт ердөө $77 тэрбум байна

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал СOP17 гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Энэ талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр "Манай дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтсон нь дэлхийн 3 тэрбум гаруй хүний амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам.долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.
НҮБ-ын үнэлгээгээр 2030 он гэхэд газрын доройтлыг сэргээж, ганд тэсвэртэй нөхцлийг бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тогтоогоод байна.
Гэтэл ердөө 77 тэрбум ам. доллар буюу хэрэгцээт санхүүжилтээс 4.6 дахин бага хөрөнгө мөнгө цугларч, 280 орчим тэрбум ам.доллар сох дутдаг болох нь тогтоогдсон бөгөөд хүн төрөлхтөн бидний эх байгалиа доройтлоос хамгаалж, нөхөн сэргээхэд тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг нь энэхүү санхүүгийн дутмагшил болоод байна.
Энэхүү эгзэгтэй цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.
Энэ их зардал, хөрөнгө мөнгийг нийт хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ." гэв.







