Монгол Улс, БНСУ Хамтарсан тунхаглал гаргалаа Монгол Улс, БНСУ Хамтарсан тунхаглал гаргалаа
07 сарын 12, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол Улс, БНСУ Хамтарсан тунхаглал гаргалаа

2026 оны 7 сарын 11

Arslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Стратегийн түншлэл”-ийг бататган бэхжүүлэхийн төлөөх Хамтарсан тунхаглалаас хүргэж байна.
Талууд харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай бие биеэ нөхөх зарчимд тулгуурлан хамтдаа хөгжин дэвших хамтын ажиллагааг дараах салбар, чиглэлээр тууштай гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

Улс төр, аюулгүй байдал

Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, төрийн тэргүүн нарын ойр дотно, харилцан итгэлцэлд суурилсан харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тогтов.

Хоёр талт хамтын ажиллагаа, аюулгүй байдал, гадаад бодлого, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тогтов.

Энх тайван, тогтвортой байдалд нөлөөлж буй уламжлалт болон уламжлалт бус аюул заналхийлэлд хамтарсан хариу арга хэмжээ авах, цахим болон хосолмол аюул заналтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ цэргийн боловсрол, дадлага сургууль, мэдээлэл солилцоо, цэргийн эмнэлэг, шинжлэх ухаан, технологи, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

Парламент хоорондын харилцааг дэмжих, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, бүсчилсэн хөгжил

Талууд “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг зарчмын хувьд тохирсныг сайшааж, уг хэлэлцээр нь хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхийн сацуу нийлүүлэлтийн сүлжээ, дэвшилтэт технологи, дижитал эдийн засаг болон өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин хөгжүүлэхээр тохиров.

Талууд ирэх таван жилд хоёр улсын худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив.

Санхүүгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын арилжааны томоохон банкны салбарыг харилцан нээх эрх зүйн орчин бүрдүүлэх, тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн хамтын ажиллагааг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Монгол Улсын орон нутгийн тэнцвэртэй хөгжил, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад БНСУ-ын орон сууц, дахин төлөвлөлт, нөхөн сэргээлт, хотын ундны усны хангамжийн менежмент болон ухаалаг хотын туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Зам, тээвэр, дэд бүтэц

Тээвэр, логистикийн дэд бүтэц нь хоёр улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн чухал үндэс суурь гэдэгт санал нэгдэж, авто зам, төмөр зам болон зам, тээврийн дэд бүтцийн салбар дахь харилцан ашигтай, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын сүлжээ байгуулах төсөл, Монгол Улсын галт тэрэгний удирдлагын төвийн бүтээн байгуулалт зэргийг хэрэгжүүлэхийн тулд техникийн хамтын ажиллагаа, хүний нөөц бэлтгэх зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

Тээвэр, логистикийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтарсан сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг үе шаттай зохион байгуулах, салбарын ажилтнуудын ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, ухаалаг логистикийн шийдлүүдийг нутагшуулах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд мэдлэг, туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.

Гуравдагч орноор дамжин өнгөрөх тээвэрлэлтийн чиглэлээр тогтвортой, урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.

Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүч

Монгол Улсын чухал ашигт малтмалын нөөц болон БНСУ-ын дэвшилтэт технологид тулгуурлан бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Улаанбаатар хотноо байгуулагдсан “Ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг түшиглэн чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, улмаар өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов.

Цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров. Энэ хүрээнд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг хөгжүүлэх, эрчим хүч хуримтлуулах технологи, батерейн хэрэглээг хөгжүүлэх, өндөр үр ашиг бүхий дулааны насосын системийг хөгжүүлэх зэрэг байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний салбарын боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.

Эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт

2011 онд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаас хойш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн сургалт болон зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв.

КОВИД-19 цар тахлын улмаас тасалдсан Эрүүл мэндийн яам хоорондын зөвлөлдөх механизмыг 8 жилийн дараа дахин сэргээснийг сайшаав. Цаашид эрүүл мэндийн салбарыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудын нэг болгон хөгжүүлэхээр тохиров.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, боловсон хүчнийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны сургалт болон хөтөлбөрт үе шаттайгаар хамруулахаар тохиров.

Монгол иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Анагаах ухааны их сургууль болон эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан солонгосын эм, эмийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр болов.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төсөлтэй холбогдуулан БНСУ-ын хиймэл оюунд суурилсан эмнэлгийн систем, дэвшилтэт технологи нэвтрүүлж, олон улсын түвшний эмнэлэг болгон хөгжүүлэхээр БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хүрээнд Техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хамтран хийхээр тохиролцов.

БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд хоёр улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын эмэгтэй улс төрчдийн чадавхыг бэхжүүлэхэд олсон ололт, амжилтыг өндрөөр үнэлж, энэхүү үр нөлөөг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд хүргэн өргөжүүлэхээр болов.

Боловсрол, шинжлэх ухаан, технологи

Тэтгэлэгт болон оюутан солилцооны хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхээр санал нэгдэж, хамтарсан судалгаа явуулах, хиймэл оюун, дижитал боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургуулийн хоолны салбарт хамтран ажиллах, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны суурийг системтэйгээр хөгжүүлэхийг дэмжив.

Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи болон сансрын технологийн салбарын боловсон хүчний солилцоог өргөжүүлэх, цахим засаглал, цахим дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээллийн системийн үр ашгийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийн хөгжлийн туршлага солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

Монгол Улсад эрэлттэй инженер, суурь шинжлэх ухааны салбарын хүний нөөц бэлтгэх, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр тогтов.

Байгаль орчин, хөдөө аж ахуй

Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон ногоон хөгжлийг дэмжих чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин нотлов.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аар дамжуулан хоёр улсын бодит хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж ирснийг талууд сайшааж, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжих бодлогын судалгааны байгууллагыг байгуулах зэргээр хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдэв.

Ган, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх болон ойн тогтвортой менежментийг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл 20 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, бодит үр дүнгээ өгч байгаа сайшаан, төслийн 4 дүгээр шатыг хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгуулав.

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн, олон улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.

Ойг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO)-аар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн ойн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

“Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээр” болон талуудын Парисын хэлэлцээрээр хүлээсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр олон улсын хамтарсан төсөл болон өнөөгийн хамтын ажиллагааны төслүүдийг бодитойгоор чанаржуулах, шинээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиров.

Хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлын чухлыг тэмдэглэж, ухаалаг ферм зэрэг салбарт техникийн хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Соёл, спорт, аялал жуулчлал

Түүх, соёлын уламжлалт хэлхээ холбоо нь харилцааны хөгжлийн бат бөх суурь болж ирснийг онцлон тэмдэглэж, иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх зорилгоор соёлын болон иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тохиров.

Энэ хүрээнд соёлын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор Улаанбаатар хотноо Солонгосын соёлын төв, Сөүл хотноо Монголын соёлын төв байгуулахаар тохиров.

Түүх, археологийн судалгааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, XIII зууны үеийн түүх, соёлын өв, түүний дотор Гуулин Улсын түүх, дурсгалын олдворыг хамтран судлах, хамгаалах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

Соёлын салбарын хамтын ажиллагааг тэлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, спорт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг харилцан дэмжихээр тохиров.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийн солилцоог нэмэгдүүлж, хоёр орны иргэдийн харилцаа, хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Иргэдийн солилцоо

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын иргэд хоорондын солилцоог дэмжиж, “Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээр” байгуулах болсныг тус тус сайшаав.

Иргэдийн зорчих хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, виз олголтыг хөнгөвчлөх, хилээр нэвтрэх нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хийж буй яриа, хэлэлцээг сайшааж, монголын талаас иргэд, оюутан залууст чиглэсэн “Хариуцлагатай амьдарцгаая”, “Хариуцлагатай аялцгаая” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дэмжиж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Консулын харилцаанд гарч буй ололт, амжилтад түшиглэн аялал жуулчлалын зорилгоор зорчих хөнгөвчилсөн нөхцөлийг үргэлжлүүлэх, хоёр талаас тавьсан зорилтдоо хүрэх хамтарсан “Замын зураглал” боловсруулж, бодит нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа

Төрийн тэргүүн нар талууд олон улс, бүс нутгийн тавцанд болон Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж хуримтлуулсан туршлага, харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа хадгалж, бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон гадаад харилцааг төрөлжүүлэн үндэсний эрх ашгийг дээдэлсэн БНСУ-ын шинэ Умардын бодлогын ач холбогдлыг тэмдэглэж, тэдгээрийг харилцан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Үүний үндсэн дээр бүхий л салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, хоёр улсын хамтын хөгжил цэцэглэл, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахаар тохиролцов.

Монгол Улс, БНСУ нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний талуудын хувьд түүний гурван тулгуур болох даян дэлхийд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах асуудлыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар Солонгосын хойгийн энхтайван, тогтвортой байдал нь Зүүн хойд Азийн бүс нутгийн нийтийн энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд нэн чухал болохыг онцолж, бүхий л асуудлыг энхтайвны арга замаар болон яриа хэлэлцээгээр шийдвэрлэх байр сууриа дахин нотлов.

Солонгосын тал харилцаа холбоог хэвийн болгох, үе шаттайгаар цөмийн зэвсгээс ангижруулах зэргийг багтаасан Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших, хамтдаа хөгжих бодлогын талаар тайлбарлав.

Төрийн тэргүүн нар Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Их Түмэн санаачилга хөтөлбөр (GTI)-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар тохиролцов.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийг бататган бэхжүүлэхэд чухал түлхэц болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-ын дээд түвшний төлөөлөгчдийг эх орондоо найрсаг дотноор хүндэтгэн хүлээн авч байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Хамтарсан тунхаглалыг 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо монгол, солонгос хэлээр байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669852
1 эможи

keyboard_arrow_up