“Монгол адуучин“ зөвлөгөөнд урилгаар адуучин 9 хөдөлмөрийн баатрын төлөөлөл оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй Адуучдын нэгдсэн зөвлөгөөнд 21 аймаг, сумдаас нийт 800 адуучдын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд бүх адуучдын, уяачдын холбоодууд, эмэгтэй адуучдын “Монголжин” холбооноос гадна адуучин 9 хөдөлмөрийн баатрын төлөөлөл, үр хүүхдүүдээс нь урилгаар оролцож байна. Мөн адуучдыг ажлын байраар давхар хангах боломжийг бүрдүүлэх, адуун соёлыг дэлгэрүүлэх зорилгоор морин хуур урлаачдын холбоо, дархчуудын холбоо дэмжин оролцожээ.
Адуучдын зөвлөгөөнд урилгаар Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын дэргэдэх Өсвөрийн морин хуурын чуулгын хүүхэд, залуус морин хуурын эгшигээр мялаалга өргөлөө.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий даяар нийт 57.0 сая гаруй толгой адуу байна. Үүний 8.9 хувь буюу 5.1 сая толгой адууг Монгол Улсад өсгөн үржүүлж байна. Монгол Улс адуун сүргийн тоогоор дэлхийд 4-р байрт ордог бол нэг хүнд ногдох адууны тоогоор тэргүүлдэг аж.
Үндэсний их баяр наадмын хүрээнд анх удаа өргөн дэлгэр тэмдэглэх Дэлхийн адууны өдрийг угтаж “Монгол адуучин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад "Адуучин" 9 хөдөлмөрийн баатрын товч танилцуулга, хөдөлмөрийн баатар цол олгосон огноо :
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Ойдовын Цэвэлдорж. (1961.07.05)
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Увс аймгийн Завхан сумын иргэн Галдандаваагийн Шагдарсүрэн. (1961.8.25)
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Намхайн Ичинхорлоо. (1965.07.09)
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн Одсүрэнгийн Мажиг (1976.06.07)
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Санзайн Шарбаньд (1976.06.07)
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Лутын Гангиа (1989.11.11)
- БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, адуучин уяач Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн Ламжавын Бямбадорж (1991.07.03)
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, 20 дугаар зууны манлай уяач, Монгол Улсын Тод Манлай Уяач Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Данзаннямын Даваахүү (2013.02.09)
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод Манлай Уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржаагийн Онон

























