АЙЛЧЛАЛ: Казахстан Улс Монголын стратегийн чухал чиглэл болж байна АЙЛЧЛАЛ: Казахстан Улс Монголын стратегийн чухал чиглэл болж байна
04 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

АЙЛЧЛАЛ: Казахстан Улс Монголын стратегийн чухал чиглэл болж байна

2026 оны 4 сарын 21

Arslan.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын удирдагчдын хэлэлцээ хэдийн тогтоод буй стратегийн түншлэлийн харилцаанд шинэ эрч хүч өгөх төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд Казахстан, Монголын хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байна. Казахстаны Ерөнхийлөгч Токаевын 2024 оны 10 дугаар сард Улаанбаатарт хийсэн айлчлал нь эргэлтийн цэг болсон бөгөөд энэ үеэр Стратегийн түншлэл тогтоох тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ тээвэр, хөдөө аж ахуй, цахим шилжилт, эрчим хүч, соёл зэрэг төрөл бүрийн салбарт хамтран ажиллах 11 хэлэлцээр байгуулсан билээ.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа мөн хурдацтай хөгжиж байна. 2025 онд хоёр талын худалдааны эргэлт 133 сая ам.доллароос давж, өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгджээ. Казахстаны экспорт 123 сая ам.долларт хүрч, үүний 90 гаруй хувь нь түүхий эд бус, харин хүнс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Хоёр тал цаашид худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх томоохон зорилт тавьжээ. Үүний хүрээнд барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, худалдаанд учирч буй саадыг багасгах зорилготой 2025-2027 оны замын зураглалыг хэрэгжүүлж  байна. Мөн Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан 367 орчим төрлийн тарифыг хамарсан түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлснээр зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, эдийн засгийн харилцаа холбоог цаашид бэхжүүлж, илүү тогтвортой, шат дараатай түншлэл рүү аажмаар шилжинэ гэж үзэж байна.

Бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буй нь энэхүү чиг хандлагыг бататгаж байна. 2026 оны гуравдугаар сард Казахстан улс долоон жилийн дараа анх удаа Монгол руу бизнесийн төлөөлөгчдийн багаа илгээж, Улаанбаатар хотноо 62.6 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох гэрээнүүд байгуулсан юм.

Үүнээ зэрэгцээ тээвэр, ложистикийн салбарт онцгой анхаарал хандуулж байна. Хоёр улс хоёулаа далайд гарцгүй тул энэ нь зөвхөн эдийн засгийн бус стратегийн чухал асуудал юм. Казахстан нь Монголд Евразийн эдийн засгийн холбоо, Кавказ, Турк болон Европын Холбооны зах зээлд гарахад нь Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн маршрут зэрэг транзит боломжоо санал болгож байна.

Талууд мөн Усть-Каменогорск, Риддер болон Оросын Туекта суурингаар дамжих авто замын богино маршрутыг бий болгох асуудлыг хэлэлцэж байна. Хэрэв энэ нь хэрэгжвэл маршрутын урт 1604 км-ээс 837 орчим км болж богиносох боломжтой. Казахстаны нутаг дахь 189 км зам аль хэдийн тавигдсан бөгөөд үлдсэн хэсгийг шинэчлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тээвэрлэлтийн хугацаа, зардал мэдэгдэхүйц буурна.

Түүнчлэн 2026 оны зургаадугаар сарын 2-ноос “Астана-Улаанбаатар-Астана” чиглэлд агаарын тээврийн "SCAT Airlines" компани шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь бизнесийн харилцаа болон хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэхэд түлхэц болно.

Үүний зэрэгцээ геополитикийн өргөн хүрээний нөхцөл байдал ч чухал хэвээр байна. Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцаа урт хугацаанд Орос, Хятад улсад төвлөрч ирсэн бол одоо тус улс түншлэлийн хүрээгээ төрөлжүүлэх бодлого баримталж, энэ хүрээнд Казахстан улс гол түншүүдийн нэг болж байна.

Токаев мөн Казахстан, Орос, Хятад, Монголыг нэгтгэх “Алтай дамнасан яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд уг санаачилга нь  бүс нутгийн тээврийн холболтыг сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан дахь айлчлал нь өмнө тохирсон хэлэлцээрүүдийг бататгаж, хамтын ажиллагааг илүү бодитой хэрэгжихүйц шатанд гаргах зорилготой. 

Ийнхүү Казахстан-Монголын харилцаа улс төрийн мэдэгдлээс бодит эдийн засгийн агуулгад шилжиж байна. Одоогийн хамтын ажиллагааны эрч хэвээр үргэлжилбэл хоёр талын худалдаа дунд хугацаанд 500 сая ам.долларт хүрэх боломжтой. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668528
0 эможи

keyboard_arrow_up