Улсын аварга Ч.Санжаадамба гавьяат тамирчин болов

Гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүнд төрийн одон медаль гардуулав. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад гавьяат тамирчин цол хүртээлээ.
Өдгөө 40 настай Ч.Санжаадамба аварга одоогоос 10 жилийн өмнө 1,024 бөхийн манлай болсноор улсын аварга, 2018 онд найм давж үзүүрлэснээр чимэг нэмсэн бол 2011, 2013, 2014, 2015, 2016, 2019 онд шөвгөрсөн юм.
Мөн 2011 онд Монгол бөхийг гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор 6,002 бөх барилдуулахад тухайн үед заан цолтой байсан Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбаттай түрүү үзүүр булаалдаж, 13 давснаар түрүүлсэн түүхтэй.
Тэрбээр, "Хүмүүсийн сайхан итгэлийг зөв явж л хариулна даа.2001 онд хөдөөний хүү бөх болно гээд хотод иржээ байжээ. Миний гаргасан ажилт болгоны ард түмэн олны дэмжлэг байсан гэж боддог. Чи аварга болно, чи түрүүлнэ гэж ард түмэн намайг ерөөж ирсэн" гэв.








