Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Лаос улсад хийх ТӨРИЙН АЙЛЧЛАЛ эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-д төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Вьентьян хотноо өчигдөр очжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.