ТАНИЛЦ: 2023 онд хэрэгжих хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТ ТАНИЛЦ: 2023 онд хэрэгжих хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: 2023 онд хэрэгжих хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТ

2023 оны 1 сарын 02

Arslan.mn

Энэ оны нэгдүгээр сарын 1 буюу өчигдрөөс эхлэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөвшөөрлийн тухай хуулиас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга албан ёсоор мөрдөгдөж эхэллээ. Тэгвэл эл хуулиудын онцлог заалтууд болон голлох агуулгын талаар мэдээллийг багцлан хүргэж байна.

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ-

Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Эл хуульд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, хэрэглэх болон түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага, харьяалалд өөрчлөлт оруулсан юм. Тэгвэл тэднээс тодотгож хэд хэдэн заалтыг онцлоё.

-Барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно

-Согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд цахим орчин, холбооны хэрэгсэл, өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно

-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ

-Үйлчилгээний ажилтан сургалтад хамрагдсан байна, сургалтын зардлын 50 хувийг ЗГ-ын сангаас санхүүжүүлнэ-

-Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна

-Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулах бөгөөд сургалтын төлбөрийн 50 хувийг энэ хуулийн 33.1-д заасан /Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан/-аас санхүүжүүлнэ. Эл сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

-Бусдыг архиар шахсан бол түүнээс үүдсэн гэм хорыг хэрэглэхийг шаардсан этгээд хариуцана-

-21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно

Мөн түүнчлэн энэ оноос Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрыг татан буулгаж, хариуцах чиг үүрэг бүхий салбар яамд руу нь шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 17 дугаар зүйлд “Мэргэжлийн хяналт” гэснийг “Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага” гэж өөрчилжээ.

-Таны нэг цагийн хөдөлмөр багадаа 3273 төгрөгөөр, сард 550 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ-

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 хувиар нэмэгдүүлж 550 мянган төгрөг байхаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоожээ. Тодруулбал, энэ нь нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг байх зохицуулалт юм. Түүнчлэн зарим салбар болон мэргэжлээс хамаарч уг хэмжээ нэмэгддэг байна.

Тухайлбал, Уул уурхайн салбарт ажилладаг ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 840 мянган төгрөгөөс нэмэгдэж 1 сая 100 мянга болж байна. Ажилтан өдөрт 8-аас илүү цаг эсвэл шөнийн цагаар, хагас, бүтэн сайн өдөр ажилласан бол мөн цалинг илүү цагаар тооцож олгох ёстой байдаг аж.

Түүнчлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт нь торгууль шийтгэлийн санкцтай хамааралгүй болгож шийдвэрлэжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль: 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувийн татвар “төлнө”-

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн цалингийн орлогоос шаталсан татвар авах зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Энэ нь сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой иргэдэд хамаарах юм. Тодруулбал цалингийн орлогоос авах шаталсан татварыг дараах байдлаар суутгахаар хуульд тусгажээ. Тодруулбал,

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар суутгана.

-Шүүх шинжилгээний тухай хууль: Гэмт хэргийн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тогтоодог болно-

“Шүүх шинжилгээний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643832
0 эможи

keyboard_arrow_up