Ерөнхий сайд Н.Учрал АН-ын дарга О.Цогтгэрэлтэй нийлж зарим сайдуудаа солих ЗОХИОЛ БЭЛДЖЭЭ

Монголын улс төрд ард иргэд, улс орны эрх ашиг гэхээс илүү улс төрчдийн, намын эрх ашиг, эрх мэдлийн төлөөх зодоон л ноёлох болсон.
Ерөнхий сайд Н.Учралын засгийн газрыг ирэх есдүгээр сард огцруулахаар ээлжит бус чуулганыг хүлээж буй гэх “яриа” МАН-ын хөшигний ард гараад удаж буй. Н.Учралын засгийн газар хүлээлтэд хүрээгүй инфляцийг нууж байгаад хоёр оронтой тоонд хүрсэнийг аргагүй эрхэнд ил болгосон, бүхнийг шийдэж буй дүртэй ч бодит байдал дээр хөрсөн дээрээ буусан ажил байхгүй, хуучны хэдэн фракциуддаа баригдаж “дүр”-ээ хувилгаснаас өөр өөрчлөлт авчраагүй гэх шүүмжлэлүүд тасралтгүй хөвөрнө.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өөрийн рейтингийг унагахгүйн тулд огцрох биш “танхимдаа сэлгээ” хийхээр АН-тай хамтрах зохиолыг бичсэн гэх. АН-ын дарга О.Цогтгэрэл нь намын дарга дээрээ арай ядан тогтож буй нэгэн. АН-ын гишүүд О.Цогтгэрэлийг солих нь цаг хугацааны асуудал болжээ. О.Цогтгэрэлийн нөлөө, зангараг Лу.Гантөмөрийг гүйцэхгүй, улам унагаж байгаад намынх нь гишүүд мөн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл МАН, АН-ын дарга нарын “комбинац” ирэх намрын улс төрийг өөр тийш нь эргүүлэхээр бэлдэж байгаа аж. Ирэх 9,10-р сарын улс төрийн бужигнаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар нь үлдээж, зарим сайдын суудлыг АН-д өгч хамтрах яриа хоёр намд гарчээ.
Тухайлбал, АҮЭБЯ, ХЗДХЯ, ХББОСЯ, ЭМЯ, ГХЯ, ГБХНХЯ, ЭХЯ зэрэг яамдыг АН-д өгөхөөр урьдчилсан яриа гарчээ.
Өөрөөр хэлбэл ирэх сонгуулийн өмнө МАН дангаараа “ял”-аа үүрэлгүй АН-ыг ийнхүү татан оруулж буй бололтой. АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралын засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулаад эхэлсэн. Зохиолын дагуу болж буй процесс. Өнөөдрийн байдлаар МАН-ын удирдлагууд хулгайчаар нь дуудсан бүх бүлэглэл, “толгойлогч” нартайгаа буцаад гар барисан.
Одоо тэдэнд өөрсдөөс нь өөр дайсан үлдээгүй. Жэнкотой ч хүртэл эвлэрч, тохирсон гэх.
Саяхан МАН ирэх 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг тандаж намын гишүүдээсээ болон иргэдээс түүврийн аргаар судалгаа авчээ. Уг судалгаагаар МАН-ын энгийн дэмжигч гишүүд нь 2027, 2028 онд өөрийн намаа дэмжихгүй гэж саналаа өгсөн нь эрх баригчдыг санааг зовоож буй аж. Саарал массаас илүү намынх нь гишүүд МАН-д маш их шүүмжлэлтэй, итгэл алдарсан байгаа нь судалгаагаар тодорхой гарсан гэх.
МАН-ын үнэнч гурван зуун мянган гишүүн, дэмжигч нь тасралтгүй 10 жил төрийн эрх барисан намынхаа удирдлагууд, тэдний шийдвэр амьдралыг хэрхэн доройтуулж, өнөөдрийн монголын засаглалын, эдийн засгийн хямралыг авчирсаныг хурцаар шүүмжилжээ.

