МАН-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.25/-ийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
1.Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хууль батлах үндэслэл нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудад хүүхдийн хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг ерөнхий байдлаар тусгасан байна.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, үзэл баримтлалын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл танилцууллаа.
Хуулийн танилцуулгад манай улсын 3.5 сая иргэний 39 хувийг 0–18 насны хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр одоогоор дагаж мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтад 6–18 насны хүүхдэд зориулсан хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг ерөнхий байдлаар тусгасан, хэрэгжилтийн механизм тодорхойгүй, санхүүжилт, хүний нөөц, орчны бодит боломж бүрэн бүрдээгүй байна. Иймд хүүхдийн авьяас, сонирхол, чөлөөт цаг, нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээг төрийн бодлого, стандарт, санхүүжилтийн тогтолцоотой болгох шаардлагатайг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн онцоллоо.
Хуулийн төслийн хүрээнд хүүхдийн чөлөөт цаг, авьяас, сонирхолд тулгуурласан бодит үйлчилгээг төрөөс дэмжих, хөгжлийн үйлчилгээний бодлого бий болгох, боловсрол, соёл, спорт, хүүхэд хамгааллын салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн захиргаа, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан байна. Сурагчдад өдөрт дунджаар 4–5 цагийн хичээлийн бус чөлөөт цаг гардаг ч хувь хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд чиглүүлэх тогтолцоо хангалтгүй байгааг танилцууллаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд сургуулийн спорт заал, танхимыг хүүхдийн хөгжилд зориулан хүртээмжтэй ашиглах, сургуулийн орчныг хичээлээс гадуурх дугуйлан, сургалтын үйл ажиллагаанд илүү үр дүнтэй ашиглах, сургуулийг нэг ээлжээр хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, үдээс хойших цагийг хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд чиглүүлэх нь чухал талаар санал хэллээ. Мөн бүлгийн гишүүд зуслангийн үйл ажиллагааг нарийвчлан судлах, хуулийн төслийн үзэл баримтлалтай уялдуулах нөхцлийг судлах хэрэгтэйг ажлын хэсэг анхаарч хэллээ.
Түүнчлэн хүүхэд хичээлийн бус цагаар урлаг, спорт, гадаад хэл, хувь хүний хөгжлийн чиглэлээр тасралтгүй хичээллэх боломжтой болсноор бие бялдар, авьяас чадвар, нийгмийн оролцоо, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, дотоод, гадаадын уралдаан тэмцээнд амжилттай оролцох боломж бүрдэх ач холбогдолтойг гишүүд онцлов.
2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл болон дагасан хуулиудын талаар мэдээлэл сонсож, хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
