НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ
05 сарын 11, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ

2026 оны 5 сарын 11

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.11/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв.

Засгийн газрын гадаад зээлийн өнөөгийн байдал, хэрэгжилт, анхаарах асуудал, Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. 2025 оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн гадаад зээлийн санхүүжилтийн 26 хувийг зам тээврийн салбарт, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцжуулалтад, 14 хувийг усан хангамж, эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарт, 11 хувийг эрчим хүчний, 9 хувийг боловсрол, онцгой байдлын салбарт, 18 хувийг бусад салбарт тус тус ашиглажээ.

Засгийн газар зээлийн үр ашгийг сайжруулахын тулд тэргүүн ээлжинд эрэмбэлэгдсэн хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд ажлыг эрчимжүүлж, хэмнэлтийн зарчмыг баримтлах, үргүй зардлыг хасах, урсгал зардлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллана гэлээ. Мөн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэв.

Татварын хуулиудын өөрчлөлт нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, татварын орчныг илүү уян хатан, оновчтой болгоход чиглэжээ. Тухайлбал, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгаснаар бизнесээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэх ажээ. Мөн виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлах, өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд нь үлдээх, алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг 2 жил хүртэл сунгах, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах үндсэн хугацаа 1 сар хүртэл байх, шүүх хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй гэж үзвэл хуулийн этгээдэд авсан тухайн таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах зэргээр хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах ажиллагааны хугацаа тодорхой болох юм байна. Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдал нэмэгдэх, хууль зүйн орчны тодорхойгүй байдал буурах, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

 Хуралдааны төгсгөлд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийв.

Хууль санаачлагчид энэхүү шинэчилсэн найруулгын төсөл нь ойг зөвхөн "модны нөөц" бус-экосистем, нүүрстөрөгчийн шингээлт, ногоон эдийн засаг, орон нутгийн хөгжлийн суурь нөөц гэж үзэж болох шинэ баримт бичиг болно гэж үзэж байна.

"Ойн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд экосистемд суурилсан дэлхий дахины шинэ хандлага, "Ойн тогтвортой менежмент" концепц зэргийг гол зарчим болгон биологийн олон янз байдал, ус, хөрсний хамгаалалт, нүүрстөрөгчийн шингээлт, экологийн тэнцвэр буюу байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, эдийн засгийн үр ашиг буюу ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгмийн өгөөж буюу орон нутаг, иргэдэд ашиг тус хүргэх гэсэн ойлголтуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд эдийн засгийн эргэлт, нэмүү өртөг, carbon market-ийн ойлголт сул байсан бол шинэ төсөлд ойн био нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын зах зээлд оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ойн үйлчилгээг эдийн засгийн үнэлгээтэй болгох, ойн үлдэгдлийг шинэ үйлдвэрлэлд ашиглах, ойн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх асуудлуудыг тусгасан гэв. Мөн ойн мэргэжлийн үйл ажиллагааг нээлттэйгээр тусгаж, хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоо зэрэг орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгаа, мод бэлтгэл, хөнөөлт организмын менежмент зэрэг цогцоор эрхлэх боломжийг зааж өгчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668843
0 эможи

keyboard_arrow_up