ТАНИЛЦ: “Амбаар” ч барьж үзээгүй компаниар 197 тэрбумын тендер авсан Б.Сэргэлэнбаатар гэж ХЭН БЭ

Нийслэлчүүдийнхээ төлөө дуу хоолой нь болж ажиллана хэмээн тангараг өргөн НИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар нь амьдрал дээр хэд хэдэн “давхар дээл” өмсөж, мэдээлэлд ойр байдлаа ашиглан тендерүүдийг хамаж суугаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Уг шүүмжлэлийн гол эздийн нэг нь НИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн Б.Сэргэлэнбаатар юм.
Тодруулбал, СХД-ээс хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдсон Б.Сэргэлэнбаатар нь 1989 онд төрсөн, 2006-2010 онд Бизнесийн дээд сургуулийг баклаврын зэрэгтэйгээр, 2018-2020 онд Их засаг их сургуулийг эрх зүйн магистраар тус тус төгссөн.
Түүний хувьд төрийн жинхэнэ албыг нэг ч өдөр хашиж үзээгүй, Доктор авто сүлжээ ХХК-д менежер хийж байгаад гэнэт 2016 онд СХД-ийн тохижилт, үйлчилгээний газрын даргаар томилогдсон нь анхаарал татна. Үүгээр барахгүй гацхан жилийн хугацаанд Тохижилт, үйлчилгээний газрын даргаар ажиллахынхаа хажуугаар УИХ-ын гишүүнд зөвлөж байгаа нэрээр давхар цалин авдаг байжээ. Эндээс харахад хийсэн ажлаа оромдож, даргын сэтрээр сул цалинжиж, өдөр хоногийг өнгөрөөдөг байсан нь харагдана.
Б.Сэргэлэнбаатарын хувьд СХД-ийн Тохижилт, үйлчилгээ төрийн өмчит газраасаа залхан 2018 оноос цэвэр намын ажлуудыг хийсээр иржээ. Тухайлбал, 2018 онд Нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга, 2019 онд Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга, 2019-2021 онд НАМЗХ-ын даргаар тус тус ажиллажээ.
Б.Сэргэлэнбаатар 2024 оноос СХД-ээс дахин сонгогдохдоо иргэдийнхээ төлөө ганц ч ажил хийж үзээгүй, гараа ч хөдлөгөдөггүй хирнээ өмнө нь “амбаар” ч барьж үзээгүй компаниар Сэлбэ дэд төвийн 197 тэрбумын тендерийг авсан нь олны анхаарлыг татаж байна.
Тус 197 тэрбумыг авсан компани нь өмнө нь ямар ч тендерт шалгарч үзээгүйг tender.gov.mn сайтаас харж болно.
Энэ мэт НИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар чинь “давхар дээл”-ээр өөрийгөө хучаад, ашиг сонирхлын зөрчил үүсгэн, мэдээлэлд ойр байдлаа ашиглан “өөрөө баяжих”-ыг урьтал болгож ажиллаж байгааг СХД-ийн иргэд нь мэддэг болов уу.
Цэвэр нам дагаж явбал ам тосддог гэдгийг харуулж чадсан Б.Сэргэлэнбаатарын амьдрал сайжран, хамаг тендерийг авах нь аргагүй биз ээ!?

