Б.Батбаатар: С.Батбаатар гэж төрийн албанд нэг секунд ажиллаж үзээгүй нөхөр яамны газрын даргын албан тушаал нэхсэн

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг өчигдөр намаас нь хөөж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын намын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өчигдөр ИЗНН-ын 26 жилийн ойн өдөр болж, бид баярын хурлаа хийсэн. 2016 онд миний бие ИЗНН-д элсэж, нэр дэвшиж өрсөлдөж байсан. Өнөөдөр 10 дахь жилдээ энэ намын гишүүнээр, сүүлийн хоёр жил намын даргаар ажиллаж байна. Нэр бүхийн хүмүүс зохион байгуулж, өчигдөр намын онц их хурал гэдэг зүйлийг хийсэн гэсэн. Дүрмийн бус үйл ажиллагаанд намын дэд дарга, дүүргийн дэд дарга нар очиж үүнийгээ зогсоохыг шаардсан.
Намын дүрэмд Онц их хурал гэсэн ойлголт байхгүй. Намын дарга Улс төрийн зөвлөлийн хурлын товыг зарлана. Улс төрийн зөвлөл хуралдаад, 7-гоос дээш хоногийн өмнө Үндэсний хорооны зөвлөлийн хурал зарлах тогтоол гаргана. Үндэсний хороо хуралдаад 30-аас дээш хоногийн хугацаанд Намын их хурлыг зарлах, хуралдуулах зохицуулалттай байдаг. Өмнөх өдөр нь зарлаад, маргааш нь намын их хурал хуралдуулдаг зохицуулалт ИЗНН-ын дүрэмд байхгүй. Улс төрийн намын тухай хуульд ч байхгүй." гэв.
Мөн тэрбээр "С.Батбаатар гэж төрийн албанд нэг секунд ч ажиллаж үзээгүй нөхөр яамны газрын даргын албан тушаал нэхсэн. Тэр хүн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны үнэлгээ хяналтын газрын даргын албан тушаал нэхсэн. Яамны газрын даргыг би халж чадахгүй, Төрийн нарийн бичгийн дарга мэддэг. Хууль зөрчөөд халлаа гэхэд тэр хүн шүүхэд өгөөд ажилгүй байгаа цалин хөлсийг тушаал гаргасан хүн шийдвэрлэдэг. Чи тэр албан тушаалд очиж яах гэж юм бэ гэхэд "хөдөө уул уурай дээр байгаа компаниудыг шалгаад эрхийг нь хаая, хэдэн төгрөг олоод ирье" гэв.





