МУИС-ийн Зүүн бүсийн сургууль УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад 88 дугаартай “ДИПЛОМ ОЛГООГҮЙ“ гэж шүүхэд хариу өгчээ

УИХ-ын цахим хуудсан дахь албан ёсны намтарт гишүүн Ц.Мөнхтуяаг 1991–1995 онд Дорнод их сургуульд суралцаж, бага боловсролын багш мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн гэжээ.
Харин МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн шүүхэд хаягласан албан бичигт маргаан бүхий бүртгэлийн 125, дипломын 88 дугаартай боловсролын баримт бичгийг 1994, 1995 онд Ц.Мөнхтуяа болон өөр хүнд олгоогүй гэдгээ баталжээ.
Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 17/200 дугаартай албан бичигт Ц.Мөнхтуяа 1991 онд тухайн үеийн Дорнод аймаг дахь Багшийн коллежийн багшийн 3-1 ангид элссэн гэжээ. Түүний нэр 1994 онд улсын шалгалтаа бүрэн өгч чадаагүй, 1995 онд дахин шалгалт өгөхийг зөвшөөрсөн 10 оюутны жагсаалтад багтсан байна.
Харин 1995 онд шалгалтаа дахин өгч тэнцсэн, бага ангийн багшийн диплом олгохоор тогтоосон 3 оюутны жагсаалтад түүний нэр байгаагүй гэж сургууль хариулжээ.
Тус сургууль дипломын дугаарыг нягтлахдаа архивт хадгалагдаж буй 1994, 1995 оны улсын шалгалтын комиссын тогтоолын хавсралтад тулгуурласан байна.
Эргэн сануулахад, Ц.Мөнхтуяа дипломтой нь холбоотой мэдээлэл нийтэлсэн сэтгүүлчтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2025 оны арванхоёрдугаар сард иргэний хэрэг үүсжээ. Хариуцагч тал сургуулийн архивын лавлагааг шүүхээр гаргуулах хүсэлт гаргасан байна. Мөн 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд товлосон хуралдааныг Ц.Мөнхтуяа шинэ өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасны дараа хойшилоод буй.


