Ч.Ундрам: Дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийг төрийн орон сууцжуулалтын төслөөр орон сууцтай болгоно

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирсон иргэдэд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төслийн орон сууцнаас олгохоор боллоо" гэв.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2026 оны 4 дүгээр сараас хэлэлцэгдэн, ажлын хэсэг байгуулагдан хэлэлцэж байсан орон сууц захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн асуудлаар миний бие анхаарал тавин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйн сайд Тэмүүлэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нартай ярилцсаны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нааштай шийдвэр гарлаа.
Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн боловч орон сууцаар хангагдаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тэдгээр иргэдэд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төслийн хүрээнд баригдсан орон сууцаас олгох үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг ХББОССайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн ЗД Б.Пүрэвдагва нарт даалгасан байна.
Уг асуудалд нааштай хандаж анхаарал тавин ажиллан шийдвэрлэсэн МУ-ын ЕСайд Н.Учрал, ХЗСайд Тэмүүлэн, ХББОССайд Э.Бат-Амгалан нарт талархал илэрхийлье.










