УИХ-ын Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал авто баазаас машин унаж зардал гаргасан байж, давхар 2 жолоочийн орон тоо баталж, ₮102 саяын цалин олгосон ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Үндэсний аудитын газар 2026 оны дөрөвдүгээр сарын 27-нд УИХ-ын даргын төсвийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргасан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд УИХ-ын тамгын газраас гадна харьяа 2 төсвийн байгууллага, 1 төслийн санхүүгийн тайланг түүвэрт хамруулжээ.
Аудитаар УИХ-ын харьяа 3 байгууллагуудын санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 571 сая төгрөгийн 11 зөрчил илэрчээ.
Тухайлбал, УИХ-ын харьяа Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Авто баазаас албан тушаалын автомашин хэрэглэдэг байж, давхар жолоочийн орон тоо баталж, цалин өгч төсвийг үрэлгэн зарцуулсан зөрчөл илэрсэн байна.
Зөрчлүүд:
- Автомашингүй Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Засгийн газрын авто баазаас албан тушаалтын авто машин унаж 63 сая төгрөгийн зардал гаргасан мөртлөө, байгууллагын орон тоо бүтцэд 2 жолоочийн орон тоог баталж, ажиллуулан 102 сая төгрөгийн цалин олгож, НДШ-д ажил олгогчоос 12.3 сая төгрөг төлж, төсвийг үрэлгэн зарцуулсан.
- Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн бодлогын зөвлөлийн дарга нь албан тушаалын автомашин унах эрхгүй бөгөөд албан ажил гүйцэтгэхдээ хувийн автомашинд 2.8 сая төгрөгийн шатахуун олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан.
- Чатбот эрхийг шууд худалдан авах боломж байгааг судлаагүй, "ChatGPT хиймэл оюун ухааны чатбот үйлчилгээ үзүүлэх" 70 сая төгрөгийн тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, 2 компани оролцсоноос Гөү смарт ТМ ХХК-ийг шалгаруулж, 1 жилийн хугацаатай ашиглах хиймэл оюун ухааны чатботын гэрээг байгуулан төсвөөс төсвийг үрэлгэн зарцуулсан.
- Гаднын байгууллагад төлбөр шилжүүлэх үндэслэлээр тендер зарлаж төлбөрөөс бусад, нэмэлт зардал гаргаж төсвийг үр ашиггүй үрэлгэн зарцуулсан.
Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн "Lexology" буюу олон улсын хуулийн судалгааны сангийн 15,000.00 ам.долларын үнэтэй программыг 1 жилийн хугацаатай худалдан авсан бөгөөд төлбөрийг 3 хувааж шилжүүлэхдээ төлбөрийг мөн Төрийн сангаар дамжуулан шилжүүлж болох байтал "Lexology хуулийн судалгааны сан" байгуулах нэртэй тендер сонгон шалгаруулалт зарлаж, нэг компани оролцож Вертуал линк ХХК-ийг шалгаруулсан бөгөөд 69.8 сая төгрөгөөр гэрээ байгуулсан зэрэг ЗӨРЧИЛҮҮП ИЛЭРЧЭЭ.
Харин адуитаас нэмэлт зардал гаргаж төсвийг үр ашиггүй үрэлгэн зарцуулдаг зөрчлийг таслан зогсоох, албан шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, тайлант он буюу 2025 онд Парламент судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь ажиллаж байгаад УИХ-ын дарга С.Бямбацогт үеэр Одхүү түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
