Гаднын компаниас хандив авсан гэх Э.Болормаагийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, Прокурорын байгууллагад хянагдаж байна

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Э.Болормааг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүргүүлсэн. Улмаар шүүхээс прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн яллагдагч Э.Болормаад 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Ховд аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Э.Болормааг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, Прокурорын байгууллагад хянагдаж байна.
Хэргийг эргэн сануулахад, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
