Т.Мөнхсайхан: БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Хавдрын төв-2“ барих ажил урагшилж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч, хөдөлмөрлөж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа.
Уулзалтаар гадаадад сурч, ажиллаж буй монгол залуусын мэдлэг, ур чадварыг эх орныхоо хөгжилд хөрөнгө оруулах боломж бүрдүүлэх, гадаадад төрсөн хүүхдийн эрх зүйн орчныг сайжруулах, нутаг буцах хөтөлбөр, гэрээгээр ажиллаж буй иргэдийн гэр бүл, нийгмийн хамгаалал, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлуудыг онцлон хэлэлцэв.
Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж, хоёр орны парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэдийн эрх ашигт чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг уялдуулах талаар ажил хэрэгч санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа БНСУ-ын Эксим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр Хавдар судлалын хоёрдугаар төвийг байгуулах саналыг Эдийн засаг, хөгжлийн яаманд албан ёсоор хүргүүлж байсан.
Харин өнөөдөр уг санаачилга Үндэсний Ассамблейн гишүүдийн түвшинд бодитоор яригдаж, ажил урагшилж байгааг сонсоход таатай байна гэж УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан мэдээллэв.
Түүнчлэн Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын (ICAPP) удирдлагуудтай уулзаж, бүс нутгийн улс төрийн хамтын ажиллагаанд Монголын оролцоог нэмэгдүүлэх, олон талт харилцааг бодит үр дүнд хүргэх асуудлаар ярилцав.
Монгол–Солонгосын харилцаа нь зөвхөн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй гадаадад амьдарч буй иргэдийн эрх ашиг, амьдралын чанарт бодитоор нөлөөлөх иргэн төвтэй бодлогоор илүү батжин хөгжих ёстой.




































