Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглана Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглана

2025 оны 12 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны "Их засаг" танхимд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс төрийн үйлчилгээний цахимжилтаар хийсэн ажил багагүй ч,  хийх ажил их байна гээд тухайлбал, “e-mongolia” платформ  88 байгууллагын 1,268 үйлчилгээг 92 сая удаа үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 85 хувь болж 2.1 сая  хүнд үйлчилж байна гэв. Төрийн үйлчилгээний системийн ашиглалт нийт хэрэглэгчийн 30 хувьд тогтмол хүрсэн бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр сүүлийн  дөрвөн жилд 18, 28 байраар тус тус урагшилсныг онцлон тэмдэглэв.

Цааснаас цахимд шилжихэд технологиос илүү дүрэм журмын гох дэгээ, хэвшиж тогтсон хуучинсаг хандлага, цаг үеэсээ хоцорсон тогтолцоо гол саад бэрхшээл болж буйг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ч УИХ-ын даргын албыг хашиж байгаа энэ цаг  үед хиймэл оюун ашиглан төрийн бүтээмжийг өсгөх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг зөрчсөн эсэхэд онцгойлон анхаарч, шинжилгээ хийлгэсэн гэлээ. Тодруулбал, хувь хүний хүчин зүйл буюу ашиг сонирхолгүй хиймэл оюуны тусламжаар Үндсэн хуульд заасан 18 эрх, эрх чөлөөг 97 нэгж эрх болгон задалж, иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх, эрх чөлөөг шинээр боловсруулж өргөн мэдүүлсэн болон хүчин төгөлдөр хуулиудад дүн шинжилгээ тусгайлан хийлгэсэн. Энэ бол хиймэл оюун, технологийн дэвшлийг  төрийн бодлого, хууль, шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж нэвтрүүлэхэд онцгой алхам, дорвитой эхлэл болно гэдэгт итгэл төгс байна гэв.

Мөн зах зээл, бизнесийг төрийн хэтийдсэн зохисгүй оролцоо, компаниудын өмнө босгосон элдэв төрлийн хориг саадыг цэвэрлэж, чөлөөлөх зорилгоор хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан шинжилгээ хийж, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүллээ. 378 хуульд зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалт илэрсэн. Үүний дагуу 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэлээ. Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарах болно гэдгээ Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, govstack шийдэл нь улс орнуудын Засгийн газарт тулгамдсан олон бэрхшээлийг туулж давах өргөн боломж юм. Govstack бол технологийн асуудлуудыг хялбар шийдсэнээр бодлогын ажилдаа төвлөрөх боломж олгож буй дэвшилтэт арга зам гээд энэхүү хэлэлцүүлгээр дэвшилтэт тэргүүн туршлагаас суралцаж, бүтээлч, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, төр, иргэндээ ээлтэй, шинэ санаа санаачилга арвинтай, бодитой үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666790
0 эможи

keyboard_arrow_up