COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.Бямбажаргал: Хоёр сарын өмнө хүлээн зөвшөөрч байсан зүйлээ л ноцтой хуулийн зөрчил гэж чангаар хашгирч байна

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Хуулиараа энэ нь боломжтой юу?

-Хориг тавих нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон үндсэн бүрэн эрхийн нэг учир мэдээж боломжтой. Гэвч уг бүрэн эрхээ хэдийд, ямар зорилгоор ашиглаж буй байдал зарим тохиолдолд эргэлзээ төрүүлэхүйц байгаа нь нууц биш юм. Энэ удаагийн хориг бол Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх бичвэрийг баталсан УИХ-ын 73 дугаар тогтоол байлаа. Мэдээж хэрэг хоригийг УИХ цааш хэлэлцэх боловч ийнхүү хэлэлцэх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд ямар нэг саад учруулахуйц үр дагаврыг үүсгэхгүй болов уу. Хоригийн агуулгыг харвал таван үндэслэлээр ийнхүү бүхэлд нь хориг тавьсан гэж харагдах боловч хэрэг дээрээ хоёр л хууль зүйн тодорхой нөхцөлийг гаргасан байна. Нэгд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр гагцхүү хууль байх, хоёрт, тогтоолд Ард нийтийн санал асуулга явуулах, олонх оролцсон санал асуулгыг хүчинтэй тооцох гэх Үндсэн хуулийн 25.1.16-г эшлээгүй гэжээ.Гэтэл нэг зөрчилдөөнтэй зүйл байгаа юм. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд саналаа өгөхдөө хоригтоо дурдаад буй гол үндэслэлийнхээ яг эсрэг байдлаар төслөө өргөн барьсан явдал. Энэ нь хэн чиг харсан гайхмаар, бас эргэлзмээр. Хоёр сарын өмнө хүлээн зөвшөөрч байсан зүйлээ одоо ноцтой хуулийн зөрчил гэж чанга хашгирч буй мэт харагдана. Энгийнээр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн хэлбэртэй байх ёстой гэж УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийг өөлөх мөртлөө түүний өргөн барьсан төсөл мөн л нөгөө “хууль” гэх үгээ хэрэглээгүй, эсвэл мартсанд учир байна. Харин хоёр дахь үндэслэлийн хувьд одоо УИХ ямар санал асуулга явуулах гэж байнаа вэ гэдэг нь гол хариулт нь болно. Энэ удаад УИХ-аас улс орны гадаад, дотоод бодлогын тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах бус харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах асуудлыг шийдвэрлэж буй тул уг харилцааг тусгайлан зохицуулсан Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэл болгож УИХ 73 дугаар тогтоол гаргаснаас харагдана.

Энэ нь дэлхий нийтэд, мөн манай өнөөгийн эрх зүйн орчны хувьд ч тэр ард нийтийн санал асуулга гэсэн нэртэй бүхэн яг ижил журам, үр дагавартай байдаггүйтэй холбоотой.

-Ард нийтийн санал асуулга дотроо өөр, өөр байдаг байх нь. тэгвэл уих чухам аль төрлийн санал асуулгыг одоо явуулах гэж байна вэ?

-яг тийм. Ард нийтийн санал асуулга бүр хоорондоо ялгаатай. эдүгээ дэлхий дахинд гурван төрлийн санал асуулга түгээмэл хэрэглэгдэж байна. Нэгд, Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон санал асуулга. Энэ төрөлд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал асуулгаар батлах хамаарч байдаг. Уг төрлийн санал асуулгын үр дүн шууд хүлээн зөвшөөрөгдөх буюу заавал биелэх шинжийг агуулдаг. Хоёрт, Хүчингүй болгох буюу парламентаар урьд өмнө нь аль хэдийнэ батлагдан шийдвэрлэгдсэн асуудлыг эргэн харахад ашиглаж байна. тухайлбал, Швед, итали зэрэг оронд парламентын 1/3-ийн санал, эсвэл 500 мянган иргэний санал гаргавал явуулах жишээтэй. Гуравт, Зөвлөлдөх /плебисцит/ гэх ард нийтийн санал асуулга. бидний сайн мэдэх их британи Европын холбооноос гарах эсэх талаарх санал асуулга энэ төрлийн сонгодог жишээ. Өөрөөр хэлбэл улсын дотоод, гадаад бодлогын тодорхой аль ч асуудлаар уг зөвлөлдөх хэлбэртэй санал асуулга явуулж болдог. Үүнээс бид санал асуулга гэсэн нэртэй бүхэн өөр хоорондоо яг ижил агуулгатай хэмээн өнгөц дүгнэж болохгүйг харж болно.

Өнөөгийн УИХ-аас хийх гэж буй санал асуулга бол өөрийн гэсэн тусгай журамтай буюу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах л зүйл юм. Түүнээс биш ямар нэг хэлбэрээр зөвлөлдөх шинжийг огт агуулахгүй. Мөн Европын венецийн комисс өөрийн зөвлөмждөө дээрх төрлийн санал асуулгыг хэрхэвч хамтад нь явуулж болохгүй гэж анхааруулсан байдаг.

-Ерөнхийлөгч хоригтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ илэрхий хууль зөрчсөн байдлаар хандсан гэж үзжээ. хууль зөрчсөн зүйл бий юү?

-Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс бол 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдаж байна. Энэ ч үүднээсээ уг хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дур зоргын шинжтэй байж болохгүйг заасан. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх процедурыг ширхэгчлэн заасан учир нэг талаасаа амар, нөгөө талаасаа хүн бүрд нээлттэй байсан гэж хэлж болохоор байгаа юм. өөрөөр хэлбэл нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх байдал нь хуулийн хэлбэртэй буйг энд онцолмоор байна.

Үүний тод илрэл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын хувьд нээлттэй байх зарчмын дагуу хэлэлцүүлэг бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдаж буй явдал. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын даргын санаачлагчаар хүний биеийн давтагдашгүй хэсгээр санал өгөх хэлбэрээр гарын хурууны хээ уншигчийг энэ удаа харин ч нэг сайн туршсан гэж хэлж болох байх. Үүнээс үүдэн гишүүд зөвхөн өөрийнхөө нэрийн өмнөөс бүх зүйл заалт тус бүрээр саналаа өгсөн нь процессын хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй болохыг илтгэнэ.харин агуулгын хувьд энэ удаагийн Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаас гажаагүйн дээр түүний үзэл санааг улам бүр тодруулж буй гэдгээрээ онцлогтой.Зарим хүмүүс Үндсэн хуульд өнгөц, хэлбэрийн төдий засвар хийлээ гэж ярьж буй. Гэвч бодит байдал дээр тэд чухам ямар нэмэлт, өөрчлөлт оров гэдгийг эхлээд харах ёстой. хэрэг дээрээ Үндсэн хуульд бага, өнгөц, хэлбэрийн төдий нэмэлт, өөрчлөлт гэж огт байдаггүй. Нэг үг, үсэг, цэг, таслал өөрчлөгдөхөд түүнийг дагаад олон хуульд тухайн харилцааг өөрчлөх шаардлага үүсдэг. тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нийт 19 зүйл, 34 орчин заалтыг хамарч байна. Улмаар 30 орчим хуулийг УИХ-аас батлан гаргах шаардлагыг үүсгэж байна. ганцхан жишээ дурдахад Үндсэн хуулийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага бүлэгт хоёр зүйлд л нэмэлт, өөрчлөлт орж байгаа боловч өнөөгийн энэ харилцааг зохицуулж буй бүх хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд батлан гаргах шаардлага үүсэх жишээтэй. Мэдээж хэрэг энэ хэсгийн нэмэлт, өөрчлөлт 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг огт хөндөөгүйг онцлох ёстой. Эсрэгээрээ Үндсэн хуулийг эрс өөрчлөх алхам хийх нь харин ч улсаараа тоглох эрсдэлтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байх шалтгаан бий юү. Өөрийн төсөл, саналаа татаж, мөн Ард нийтийн санал асуулгад хориг тавьж буй нь ямар учиртай гэж харж байна вэ?

-Ямар шалтгаан, шалтгаар дэмжихгүй байгааг бид шууд хэлж чадахгүй шүү дээ. Мөн хориг чухам ямар зорилгоор тавьж буйг хэлж чадахгүй байна. бодитой нэг таамаг бол хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээр дэмжвэл цаашид Ерөнхийлөгчид таалагдах эсэх ямар ч хамаагүйгээр уг хууль хүчин төгөлдөр буюу Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй болох юм. Хэрэв уих өөрсдөө баталсан бол цаашид уг нэмэлт, өөрчлөлтөд төрийн тамга дарах, ёсчлох бүрэн эрх Ерөнхийлөгчид хэвээр хадгалагдаж байгаа. Гэхдээ эрхбиш Үндсэн хуульд заасан Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэх үүргийг биелүүлэх ёстойгоо санаж буй болов уу. Харин Ерөнхийлөгч хууль зүйн хувьд төслөө татаж авах боломжгүй юм. Учир нь Б.Чимид багшийн гардсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд урьдаас тогтсон нэг л төслийг УИХ хэлэлцэхээр заасан. Хэрэв агуулга, үзэл баримтлалын хувьд зөрүүтэй төслийг хууль санаачлагч өргөн баривал уг төслийг саналын түвшинд харгалзан үзэх, харин зэрэгцүүлэн хэлэлцүүлэхгүй гэж хуульчилсан. Энэ дагуу 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр нэр бүхий гишүүдээс өргөн баригдсан төсөл бол журмын тухай хуульд зааснаар нэгдүгээр хэлэлцүүлэг давсан буюу урьдчилан тогтсон төсөл. Харин долдугаар сарын 16-ны өдрийн өөр нэг хууль санаачлагч болох Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл нь саналын төвшинд харгалзан үзэх төсөл болж таарч буй юм. нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан хууль санаачлах болон УИХ-ын чуулганд тааллаар оролцон, санал, дүгнэлт хэлэх эрхийг огт хөндөөгүйн дээр түүний уг бүрэн эрхийнхээ дагуу гаргасан төслийг саналын түвшинд харгалзан үзэж тусгасан гэж хэлж болно. Харин ч түүний саналын дагуу орж ирсэн улс төрийн намыг шинээр бүртгүүлэх тохиолдолд 50001 байх, төрийн нийтийн өмч, стратегийн ач холбогдол бүхий ордын ашгийн дараахь 51 хувьд ард түмний мэдэлд байх зэрэг саналууд хоёрдугаар хэлэлцүүлэгт ихээхэн маргаан дагуулж мэргэжлийн хэсгийн шүүмжлэлийн бай болж байсныг бид бүгдээрээ улс орон даяар харсан шүү дээ.

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрийг асууна гэх байр суурийг илэрхийлж байсан. Энэ нь хуулийн хүрээнд боломжгүй гэдгийг хуульч, судлаачид илэрхийлсэн. Таны хувьд дээрх байр суурийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээнээс даваад цоо шинэ Үндсэн хууль батлах уу л гэдэг асуулт. Энэ үүднээсээ дан ганц судлаачид бүү хэл учир мэдэх хүмүүс бүгд ам нэгтэйгээр хууль зүйн хувьд боломжгүй гээд байгаа болов уу. Гэхдээ нэг зүйлийг онцлон тэмдэглэх ёстой нь одоогоор бидний сонгосон ерөнхийлөгч албан ёсоор, өөрийн биеэр уг санаа бодлоо илэрхийлээгүй байгаа. Гагцхүү түүний өмнөөс тамгын газрын дарга нь уг зүйлийг ярьж буй. Өмнө яриандаа цухас дурдсан. Зөвлөлдөх санал асуулга болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах хоёр өөр санал асуулгыг хамтад нь хэрхэвч явуулж болохгүй гэдгийг венецийн комисс өөрийн зөвлөмждөө хатуу анхааруулсан байдаг. Нөгөө талаасаа Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуульд тангараг нь бичигдсэн байдаг цор ганц албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангарагладаг. Гэтэл дээдлэн сахих ёстой Үндсэн хуулиа үл огоорч шинээр батлах санаархал бодитоор гаргах аваас Ерөнхийлөгчийг ч тэр цаашид огцруулах хэмжээний хариуцлага хүлээж байдаг. Ялангуяа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ярьж буй хүрээнд шинэ Үндсэн хууль батлах уу, үгүй юу гэж асуух хууль зүйн хувьд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй юм.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.3-т “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана” гэх заалтын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх бичвэрээ УИХ нэгэнт баталсан. УИХ одоо хийх ажлаа хийсэн хэрэг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт одоо аль хэдийнэ нэг цэг, таслал тавигдахаасаа өнгөрсөн хэрэг. Харин иргэд бидний хувьд одоо тус эх бичвэрийг дэмжих, эсвэл дэмжихгүй саналаа л өгнө гэсэн үг. Энэ нь иргэдэд олдож буй тун хариуцлагатай сонголт.

-Ард нийтийн санал асуулгыг буруу, эрсдэлтэй асуудлаар явуулахын үр дагавар нь юу вэ?

-Асуудлын гол нь ямар төрлийн ард нийтийн санал асуулга вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Ард нийтийн санал асуулга бол дэлхий нийтэд түгээмэл ашигладаг иргэдийн шууд оролцооны гол хэлбэр. Гэвч бидний хувьд одоо хэр нь туулж өнгөрөөсөн түүхийн хуудсанд тод мөрөө үлдээснээр л төсөөлж байна.Гэхдээ Үндсэн хуульд тусгайлан заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тогтоох болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах хүрээнд иргэд сайтар ойлговол асуудалд ухаалгаар хандан шийдвэр гаргадаг нь нотлогдсон. Харин зөвлөлдөх хэлбэрээр ард нийтийн санал асуулга явуулбал популист улстөрчдийн гол өгөөш болдог. Хэрэв манай улсын ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасны дагуу бид улсын гадаад, дотоод бодлогын тодорхой асуудлаар санал асуулга явуулах бол тэр нь нэг удаадаа гурваас дээшгүй асуудал байхаар заасан. Гэвч үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал асуулгаас ялгаж ойлгох, тусдаа явагдана гэж ойлгох учиртай. Мэдээж санаачлах эрх бол Ерөнхийлөгчид бий. Тэгэхдээ энэ нь юу хүссэнээ асуу гэсэн үг огт биш юм. Зарим орны жишээнээс бид хүмүүс хэт их популист улстөрчдийнхөө дэврүүн амлалтаас болж асуудалд оюун ухаанаа уралдуулж бус сэтгэл хөөрөлдөө автан шийдвэр гаргасан муу жишиг мөн дэлхий нийтэд цөөнгүй бий. Тухайлбал, Их Британи, Венесуэлд болж байсан Ард нийтийн санал асуулгуудаас бид түүнийг бэлхнээ харж болно.

-Тэдгээрийг тодруулаач?

-Мэдээж Их Британийн хувьд одоо 2016 оны Ард нийтийн санал асуулгын дүнтэй холбоотойгоор Европын холбооноос гарах асуудал тэдний төдийгүй дэлхий улс төрийн гол маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байна. Нөгөө талаасаа тэдний Европын холбоонд элсэх эсэхийг шийдсэн 1975 оны санал асуулгын асуулт Европын холбоонд элсэх буюу нээлттэй зах зээлд орохыг дэмжих үү гэх агуулгаар асуусан байдаг. Өмнө хэлж дурдаж байсны дагуу энэ төрлийн санал асуулга бол зөвлөлдөх шинжийг агуулж байдгийн дээр улстөрчид асууж буй асуулт, хэлбэрээр урвуулан ашиглагдах магадлалтай байдаг. Нөгөө талаас зөвлөлдөх ард нийтийн санал асуулгын нэг сул тал бол иргэд шууд тухайн үеийн эрх баригчдад өгч буй үнэлгээг сэтгэл хөөрлөөр өгөх магадлалтай байдгийг судалгаанууд хэлдэг. Гэтэл санал асуулгын бодит үр дагаварт нь жирийн иргэд тухайлбал, өдгөө Их Британийн жирийн бизнес эрхлэгчид хамгийн ихээр хохирох хэмжээнд хүрээд байна шүү дээ.

Өөр нэгэн жишээ бол Венесуэл улс. Тэдний хувьд эрх баригчид өөрсдийн санаа бодлоо санал асуулгаар дамжуулан урвуулан ашиглаж байсан орнуудын тод жишээ. Зарим талаараа энэ нь манай Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг ард нийтээс асууна гэж өнөөгийн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хэлж буйтай төстэй сонсогдож байгаа юм. Венесуэлд Уго Чавес 1999 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ердөө хоёр сарын дараа шинэ Үндсэн хууль батлах эсэх, улмаар үндсэн хуулиа батлах ассамблейн гишүүдийг ерөнхийлөгч мэдэх эсэх асуудлаар санал асуулга явуулсан. Түүний нэр хүнд, олон сайхан амлалтад нь иргэд нь итгэж байсан учир түүний санаачилсан бүхнийг нь сэтгэл хөөрлөөр дэмжсэн байдаг. Улмаар арванхоёрдугаар сард нь шинэ Үндсэн хуулиа бүхэлд нь дэмжих эсэхээр санал асуулга явуулан иргэд нь мөн урьдын адилаар дэмжсэн. Хэрэг дээрээ уг үндсэн хууль нь эрх мэдлийг нэг гарт хэт төвлөрүүлсэн болохыг түүний горыг хэрхэн амсаж буйг дэлхий нийт харж байна. Гэвч өнөөгийн УИХ-аас хийх гэж буй санал асуулга бол зөвлөлдөх бус харин Үндсэн хуулиар тогтоосон санал асуулга юм. Дээрх хоёр орноос ялгаатай нь УИХ-ын батлаад буй яг энэ хэлбэрээр буюу Үндсэн хуулийн 19 зүйл, 34 орчин заалт нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх учир хүмүүс асуудалд бодитоор хандах боломжтой хэрэг юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахад ирц хүрэхгүй байх эрсдэлтэй учраас сонгуультай хамтатган хийнэ гэж эрх баригчид ярих боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуультай хамт хийх гэдэг нь нэг талаасаа УИХ хугацаанаас өмнө тарна гэсэн үг шүү дээ. УИХ өөрөө тарах гол нөхцөлийг Үндсэн хуульд өөрт нь харьцангуй тодорхой зааж өгсөн. Энэ нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх л нөхцөл бий. Тухайлбал, ямар нэг шалтгааны улмаас 19-өөс дээш тооны гишүүн чөлөөлөгдсөн буюу 56 гишүүнтэй болох, эсвэл 39 буюу Улсын их хурал хуралдах тооны гишүүнд цуглах боломжгүй болсон, улмаар хууль тогтоох бүрэн эрхээ эдлэх боломжгүй гэх ноцтой үндэслэл байх тохиолдолд л гагцхүү өөрөө тарах шийдвэр гарч таарна. Түүнээс биш УИХ өөрөө тараад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулна гэдэг нь алсдаа их муу жишгийг тогтоох вий гэх болгоомжлол байна.Ялангуяа зардал хэмнэх гэдэг шалтгаанаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болно гэдэг бол хэрэг дээрээ хууль зүйн гэхээс илүү улс төрийн шалтгаан давамгайлж байгаа хэрэг. Иймд эрхбиш УИХ-д суудал бүхий намууд өнөө маргаашийн улс төрөө бус, улсын ашиг сонирхлоо тэргүүн ээлжинд тавина гэдэгт итгэж байна.Зардлын хувьд бид шууд Ерөнхийлөгчийн зардалтай харьцуулах нь хэр үндэслэлтэй юм бол гэх асуулт байгаа юм. Учир нь иргэд Үндсэн хуульдаа буюу бүх нийтээр дагаж мөрдөх, хамтын амьдралынхаа хувь заяаг шийдэх асуудалдаа юу орж буйг мэдэх эрхтэй шүү дээ. Түүнийг нь таниулах, ойлгуулах, бусад зүйлстэй харьцуулах боломжийг олгоход мэдээж зардал гарч таарна. Сонгуулиас тэс өөр шүү дээ. Сонгуульд нэр дэвшигч өөрийгөө, мөрийн хөтөлбөрөө иргэдэд ойлгуулахад одоо урьдчилсан байдлаар гараад буй дүнгээс ч давах магадлалтай.

-1945 оноос хойш Ард нийтийн санал асуулгад оролцсон туршлага бидэнд бараг байхгүй. Хэрэвзээ санал асуулга хийвэл иргэн хүн ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?

-Хэдийгээр бид түүхэндээ анх удаа буюу 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улс тухайн үеийн Хятад, өнөөгийн Тайваниас тусгаар улс болох асуудлаар өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байснаар мэдэх боловч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлахын тухайд мэдэхгүйгээс огт ялгаагүй. Бидний төдийгүй, Монгол Улсын түүхэнд бол цоо шинэ хуудас гэж хэлж болно. Мөн бидний хувьд дахин бараг л олдохгүй боломж шүү дээ.Онолын хувьд энэ нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэх зүйр үг лугаа адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санал асуулгаар батлах нь угтаа энэ орны эзний хувиар асуудлаа өөрөө шийдэх гэх агуулгыг тээж байдаг.Тиймдээ ч эзэн нь шийдсэн асуудлаар төрийн эрхийг ард түмнээс шилжүүлэн авсан Ерөнхийлөгч хориг тавих, мөн Цэц уг асуудлыг дахин хянах хууль зүйн боломж байхгүй нь Үндсэн хуулийг тогтоосон эзэд нь Ард түмэн хэмээн үздэгт оршино. Дахин сануулахад энэ орны эзэд нь та бид, тиймдээ ч манай орны Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг нь тохиолдлын хэрэг биш шүү дээ. Иймд иргэд бид уг санал асуулгад эзний хувиар хандан оролцож саналаа өгөх нь эрх, мөн үүрэг нь ч болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608689
1 эможи

Зочин
2019-10-01 12:26
keyboard_arrow_up