COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“МИАТ”, “Монгол шуудан“ ХК-ийн 49 хувийг хөрөнгийн биржээр арилжаалахаар төсөлд тусгажээ

2018 оны 6 сарын 15

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, улмаар хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Төрийн өмчийг хувьчлахдаа олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалахаар тусгажээ.

Хувийн хэвшилд суурилсан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төрийн оролцоог бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн өмчит зарим хуулийн этгээдийг хөрөнгийн биржээр болон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах аж.

Хувьчлалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах зарчмыг баримтлах юм байна. 

2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагдсан байна. “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ.

Харин "Төрийн банк" ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж,  “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар төлөвлөжээ.

Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах, “Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58567
0 эможи

keyboard_arrow_up