ХОМ-ээ ХУДАЛ мэдүүлсэн НБТСГ-ын дарга С.Саранцэцэгийг нийтийн албанаас ХАЛАХ хариуцлага тооцуулжээ

АТГ-аас Хөрөнгө, орлогоо ХУДАЛ мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.
Тодруулбал, 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна.
Тухайлбал, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.Саранцэцэгт хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т нэг жилийн цалин хөлстэй тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан тохиолдолд албан тушаалаас огцруулах буюу ажлаас халах хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Тэгвэл ХОМ-ээ ХУДАЛ мэдүүлэн ажлаас халагдсан С.Саранцэцэгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮51 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮937 сая /Орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮50 сая / Mercedes Benz S350L маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: : ₮80 сая /Адуу-23, Хонь-200, Ямаа-144/
Газар: ₮3,5 сая /Эзэмших-699м2-1/ Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮715 сая Хадгаламж: ₮3,5 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮91 сая гэж мэдүүлжээ.







