А.Батзориг: Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон

Сүүлийн үед цахим орчинд бусдыг санал бодол зөрснийх нь төлөө угсаа гарлаар нь доромжлох, мэдээллээ нягтлахгүй талцал, хуваагдал үүсгэх зэрэг олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсэх болсон. Тэгвэл “Монгол Улсыг батлан хамгаалах иргэний ёс суртахуун” бүтээлийг туурвисан Шинжлэх Ухааны доктор А.Батзоригтой ярилцлаа.
“Хамтын эх орон гэдэг ойлголтод бид бүгд багтана”
Казак иргэдтэй холбоотой маргааныг үндэс угсааны асуудал болгож ярих хандлага цахим орчинд өрнөөд байна. Үүнд бид хэрхэн хандах ёстой вэ?
Монгол Улсын казак иргэд, бусад иргэдийг хоёр тусдаа эсрэг тал мэт ойлгож болохгүй. Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон.
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг тогтоосон. Мөн үндэс, угсаа, хэл, шашин шүтлэг зэрэг шинжээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Энэ зарчим цахим орчны харилцаанд ч хамаатай. Тодорхой хүний буруу үйлдлийг баримтаар нь тогтоож, тухайн хүнд нь хариуцлага тооцно. Тэр хүний өмнөөс ижил угсаатай бүх иргэнийг буруутгах үндэслэл байхгүй. Анх юу болсон тухай ярьж байснаа хүмүүсийн гарал угсааг доромжлоод эхэлбэл асуудлаа шийдэхээс улам холдоно.
Эх орноо хамгаалах тухай ярихдаа түүний иргэдийг угсаагаар нь ялгаж болохгүй. Хамтын эх орон гэдэг ойлголтод бид бүгд багтана.
Ингэж талцаад байвал эцэстээ бид юунд хүрэх вэ?
Хамтран шийдэх ёстой асуудлаа хүртэл тал талд гарч хардаг болно. Баримт хэлсэн хүний үгийг сонсохын оронд чи аль талын хүн бэ гэж асуудаг болно. Үүнийг дагаад нийгмийн ийм эмзэг байдлыг өөрийн зорилгод ашиглах этгээдүүд гарч ирнэ.
Цахим орчноор дамжуулж бусдын гомдол, үл ойлголцлыг дэвэргэж, хүмүүсийг бие биетэй нь тэмцэлдүүлэхийг оролдоно. Үүнээс үүдэн мэдээллийн нөлөөллөөр тархи угаах, уламжлалт бус дайтах аргад ашиглах тухай асуудал гарч ирдэг.
Энгийнээр хэлбэл, мэдээллээр дамжуулан хүний ойлголт, сэтгэл хөдлөл, шийдвэрт нөлөөлнө гэсэн үг. Мэдээллийн нөлөөлөл бүхэн хортой биш. Харин хүнийг зориудаар төөрөгдүүлж, уурыг нь ашиглан хүссэн үйлдлээ хийлгэх оролдлогыг бид энд ярьж байна.
Сошиалаар дамжуулан хүмүүсийг бодит амьдралд зөрчилдүүлсэн жишээ та хэлж чадах уу?
АНУ-ын Хьюстон хотод 2016 оны тавдугаар сарын 21-нд исламын шашны төвийн өмнө, нэг цагт эсрэг байр суурьтай хоёр цуглаан болсон. Heart of Texas гэдэг фэйсбүүк хуудас исламын шашныг эсэргүүцсэн цуглаанд уриалсан. Харин United Muslims for America хуудас исламын шашны мэдлэгийг хамгаалах уриатай цуглааныг сурталчилсан байна.
АНУ-ын Сенатын Тагнуулын асуудал эрхэлсэн тусгай хорооны тайланд энэ хоёр хуудсыг Оросын Санкт-Петербург хотод байрлаж байсан Internet Research Agency гэх нэг байгууллагатай холбосон. Хоёр өөр талын цуглааны цаана нэг зохион байгуулагч ажиллаж байжээ. Аль ч сурталчилгаанд эсрэг талын цуглаан мөн тэнд болохыг дурдаагүй.
Цугласан хүмүүс бие биеэ хэл амаар дайрах хэмжээнд хүрснийг тайланд тэмдэглэсэн. Бас анхаарал татах нэг тоо бий. Энэ хоёр арга хэмжээг сурталчлах зардал 200 ам. доллар байсан гэжээ. Энэ нь сурталчилгааны зардал болохоос байгууллагын бүх ажиллагааны өртөг биш. Эндээс миний хийж буй дүгнэлт бол талцуулахыг зорьсон этгээд хоёр талд хоёуланд нь дэмжигч мэт харагдаж болно. Хүмүүс өөрийн итгэл үнэмшлээ хамгаалахаар очсон ч тэднийг нэг газарт цуглуулсан хүний зорилго өөр байж болохыг энэ жишээ харуулж байна.
"Мэдээллээр дамжуулан нийгмийг хуваах эрсдэл нэмэгдэж байна"
Фэйсбүүкт нэр, нүүрээ нуусан тролл хаягуудын талаар хүмүүс их ярьдаг. Тэд бидний бодол санаанд үнэхээр нөлөөлж чаддаг уу?
Зуун өөр хаяг харагдлаа гээд цаана нь зуун өөр хүн сууж байна гэсэн үг биш шүү дээ. Хүмүүсийг зориуд уурлуулж, маргаан дэгдээдэг хэрэглэгчийг тролл гэж ярьдаг. Харин олон хуурамч хаягийг нэг зорилгоор ажиллуулбал олон хүний бие даасан санал мэт харагдуулж болно.
Мета компани 2021 онд Никарагуа улсад ажиллаж байсан ийм сүлжээг илрүүлж, устгаснаа тайлагнасан. Тус тайланд дурдсанаар хэдэн зуун хуурамч хаягаар эрх баригчдыг дэмжсэн мэдээлэл түгээж, эсэргүүцэгчдийг нь дайрч байжээ. Зарим хаяг өөрийгөө оюутан мэтээр танилцуулж байсан байна. Гэтэл ажиллагааны гол хэсгийг тус улсын харилцаа холбоо, шуудангийн байгууллагын ажилтнууд явуулж байсныг Мета тогтоосон.
Сонирхолтой нь, энэ сүлжээ даваагаас баасан гарагт өглөөний есөөс оройн тав хүртэл ажиллаж, өдрийн хоолны үеэр идэвх нь буурдаг байжээ. Өөр өөр иргэн санал бодлоо хэлж байгаа мэт харагдавч цаана нь ажлын хуваарьтай хүмүүс ажиллаж байсан гэсэн үг.
Ийм мэдээлэл уншсан хүн олон хүн ингэж бодож байгаа юм чинь үнэн байлгүй гэж бодож эхлэнэ. Эсвэл үгээ хэлбэл намайг ч ингэж дайрах юм байна гээд дуугүй өнгөрдөг. Хуурамч хаягийн цаанаас бодит хүнийг дуугүй болгох эрсдэл энд байна. Гэхдээ нэр, зургаа тавиагүй хүн бүрийг тролл гэж нэрлэж болохгүй. Хувийн нууцаа хамгаалах, дарамтаас болгоомжлох шалтгаантай хүн ч бий. Харин уншигч бид сэтгэгдлийн тоог нийт иргэдийн саналтай адилтгахгүй байхад анхааръя.
Сошиалд үүсээд буй маргааны талаар та “уламжлалт бус дайтах арга” гэж тодотгож байна. Энэ нь бидний мэддэг буу сум, танктай дайнаас юугаараа ялгаатай юм бэ?
Бид дайн гэхээр буу сум, танк, бөмбөг, дрон ашиглан цэргийн хүчээр тулалдахыг төсөөлдөг байлаа. Бодит хор хөнөөл нь хүний амь нас, сүйдсэн хот суурингаар харагдана.
Харин “уламжлалт бус дайтах” арга нь улс орныг өөр аргаар сулруулах тухай юм. Тухайлбал иргэдийг дотроос нь хагалан бутаргах, шийдвэр гаргагчдыг төөрөгдүүлэх, дарамтыг эсэргүүцэх чадварыг сулруулах гэх мэт.
Мэдээллийн ийм ажиллагааг цахим халдлага, эдийн засгийн дарамт, цэргийн сүрдүүлэгтэй уялдуулан ашиглах боломжтой.
НАТО-гийн 2026 оны нэгдүгээр сарын 29-нд шинэчилсэн тайлбарт “хосолмол аюул”-ыг цэргийн болон цэргийн бус, ил болон далд аргыг хослуулахтай холбон тодорхойлсон. Зориуд худал мэдээлэл түгээх, цахим халдлага, эдийн засгийн дарамт, зэвсэгт хүч ашиглахыг үүнд багтаажээ. Нийгмийг тогтворгүй болгож, сулруулах зорилгыг нь мөн тайлбарласан.
Гэхдээ олон нийтийн сүлжээнд гарсан бухимдал, талцал бүрийг дайн гэж үзэж болохгүй. Зарим шинж нь төстэй харагдлаа гээд зохион байгуулалттай ажиллагаа гэдэг нь нотлогдохгүй. Хэн оролцсон, ямар зорилготой, үйлдлүүд нь хоорондоо холбоотой эсэхийг баримтаар тогтоох ёстой. Өмнөх гадны жишээнүүдийг Монголын тодорхой маргаанд шууд тохож тайлбарлах үндэслэл ч байхгүй гэдгийг сануулья.
Иргэн бүр мэдээлэл шалгадаг мэргэжилтэн биш. Энгийн сошиал хэрэглэгч яг юуг анхаарах ёстой вэ?
Сошиал хэрэглэгч та эхлээд өөрийнхөө итгэхийг хүсэж байгаа зүйлд ч эргэлзэж чаддаг байгаасай. Дургүй хүнийхээ тухай муу мэдээнд амархан итгэчихээд, дэмждэг хүнийхээ алдаанд баримт нэхээд байгаа юм биш биз! Би үүнийг баримттай учраас үнэн гэж үзэж байна уу, эсвэл үнэн байгаасай гэж хүсэж байна уу гэдгээ нэг тунгаагаад үзэх хэрэгтэй.
Дараа нь мэдээллийг анх хэн гаргасан, хэзээ болсон үйл явдал болохыг харна. Гарчгаар нь дүгнэлгүй бүтнээр нь уншина. Шалгаж амжаагүй бол бусдад түгээхээ түр азнана. Мэдээлэл бүрд тэр даруй санал хэлэх, аль нэг талд орох албагүй.
Буруу мэдээлэл түгээснээ мэдвэл өмнө нь хүргэсэн хүмүүстээ залруулгыг нь бас хүргэе. Зүгээр устгачихвал уншсан хүмүүс буруу ойлголттойгоо үлдэж болно. Би өөрөө зохиогоогүй, зөвхөн дамжуулсан гэдэг үг тэдний авсан буруу ойлголтыг засахгүй шүү дээ.
Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх, алдсанаа засахад мэргэжлийн диплом шаардахгүй. Харин өөрийн үг, үйлдлийг хариуцах сэтгэл хэрэгтэй юм.
"Цахим орчинд хүмүүсийн уурыг хүргэж хандалт авахад анхаараад эхэлбэл юу болсон, хэн хариуцах, яаж засах тухай асуултууд орхигдоно"
Хүмүүсийн бухимдлыг улам дэвэргэдэг гарчиг, мэдээлэл ч бий. Сэтгүүлчид, олон дагагчтай хуудас хөтөлдөг хүмүүс юуг анхаарах ёстой вэ?
Уншигчид ямар ойлголт өгч байгаагаа хариуцна. Гарчигтаа хүнийг буруутай мэт биччихээд, мэдээнийхээ дотор «шалгаж байна» гэвэл олон хүн гарчгаас нь дүгнэлт хийчихсэн байж болно.
Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд гарчиг, зураг, эшлэлээр агуулгыг гуйвуулахгүй байхыг заасан. Мөн буруутгагдсан талд тайлбар өгөх боломж олгох, алдааг залруулах, төлбөртэй агуулгыг ялгаж тэмдэглэх зарчим бий. Эдгээрийг мөрдөх нь уншигчдаа хүндэтгэж байгаа хэрэг.
Олон дагагчтай хуудас ч төлбөр авч түгээсэн мэдээллээ өөрөө судалж тогтоосон мэтээр хүргэж болохгүй. Хүмүүсийн уурыг хүргэж хандалт авахад анхаараад эхэлбэл юу болсон, хэн хариуцах, яаж засах тухай асуултууд орхигдоно.
Ингэхээр Фэйсбүүк болон бусад сүлжээ хар бараан мэдээ, хэрүүлээр дүүрсэн мэт харагдаж болно. Өдөр бүр тийм мэдээлэл үзсэн хүнд улс оронд нь болж бүтэж байгаа зүйл үгүй мэт санагдаж эхлэнэ. Мэдээлэл авахаар орсон хүн улам бухимдаад гарч байна гэсэн үг.
Бодит асуудлыг ил гаргахын хамт тайлбар, хариуцлага, шийдэх боломжийг нь нэхэж сурвалжлах хэрэгтэй. Уур хүргэсэн мэдээгээр яриагаа дуусгавал уншигчид бухимдал нь л үлдэнэ.
Гэхдээ төр өөрөө иргэдийн итгэлийг алдсан байхад иргэдээс хариуцлага нэхэх нь шударга уу?
Төрийн байгууллага, албан тушаалтнаас хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг. Хүн шударга бус зүйлтэй дахин дахин тулгараад, гомдлыг нь шийдэхгүй байвал цөхөрнө. Тэр үед зөвхөн эх оронч байхыг уриалаад итгэлийг нь сэргээхгүй. Амласнаа биелүүлж, шийдвэрээ тайлбарлаж, алдаагаа засаж байж итгэл бий болно.
Иргэдийн хууль ёсны шүүмжлэлийг дайсагнал мэт үзвэл асуудлыг улам хүндрүүлнэ. Бодит шударга бус явдлыг засах тусам тэр гомдлыг бусад этгээд ашиглах боломж багасна.
Бас эх орноо өнөөдрийн хэдэн албан тушаалтнаар төсөөлж болохгүй. Тэд солигдоно. Харин энэ газар нутагт бидний амьдрал үргэлжилж, үр хүүхэд маань өснө. Албан тушаалтнаас хариуцлага шаардах нь эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьж байгаа хэрэг мөн. Төрийн хариуцлага, иргэний хариуцлага хоёрыг хамтад нь ярина. Нэгийнх нь алдаа нөгөөгийнхөө хариуцлагаас татгалзах шалтгаан болж болохгүй.
"Эх орноо хамгаалах үүргийг иргэн хүн өөрөөсөө холдуулж, зөвхөн цэргийн хүмүүст хамаатуулж ойлгож болохгүй"

Энэ улсад юу ч өөрчлөгдөхгүй, бүтэхгүй юм байна, цэрэг цагдаа нь л эх орноо хамгаалдаг юм байгаа биз гэж их ярих болсон. Ингээд харахаар эх орноо хэн хамгаалж үлдэх вэ?
Эх орноо бид нийтээрээ хамгаална. Энэ нь зөвхөн Зэвсэгт хүчний үүрэг биш. Монгол Улсын иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг юм.
Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Тэр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэж тодорхой бичсэн байгаа.
Хүн бүрийн гүйцэтгэх ажил адилгүй. Зэвсэгт хүчин мэргэжлийн бэлтгэл, зохион байгуулалт шаардсан онцгой үүргээ гүйцэтгэнэ. Цэргийн алба хаах асуудлыг хуулиар зохицуулна.
Харин эх орноо хамгаалах үүргийг иргэн хүн өөрөөсөө холдуулж, зөвхөн цэргийн хүмүүст хамаатуулж ойлгож болохгүй.
Хүнд нөхцөлд эмнэлэг ажиллаж, цахилгаан тасалдахгүй, хүнс хүрч, хүмүүс зөв мэдээлэл авч байж улс орон бэрхшээлээ давна. Энэ бүхний ард хариуцсан ажлаа мэддэг, үүргээ биелүүлдэг хүмүүс бий. Улс орны хамгаалах чадварт тэдний хөдөлмөр, шударга байдал, хамтын ажиллагаа хэрэгтэй. “Ёсчлон биелүүлнэ” гэдгийг би өөрт ногдсон үүргийг ухамсарлаж, үйлдлээрээ хэрэгжүүлэх гэж тайлбарлаж байна. Бид бүх асуудлыг ганцаараа шийдэхгүй. Гэхдээ хийж чадах ажлаа орхихгүй, нийтийн эрх ашгийг хохироосон зүйлд үндэслэлтэй шаардлага тавьж чадна.
Д.Сүрэнчимэг доктортой хамтран бичсэн номоороо бид энэ холбоог тайлбарлахыг зорьсон. Эх орноо гэсэн сэтгэл өдөр тутмын сонголтод маань хэрхэн илэрч байна вэ гэдэг асуулт юм.
Үр хүүхэд маань биднээс та нар юунд бухимдаж байсан бэ гэхээс илүү “Тэгээд юу хийсэн бэ” гэж асуухад бид хийсэн зүйл гэхээс илүү бухимдлаа, тулга тойрсон хэрүүл яриад суух болохгүй.
Тэгвэл эх орноо хамгаалахад иргэний ёс суртахуун яг ямар үүрэгтэй юм бэ?
Хүн зөв, бурууг мэдэж байлаа ч өөрт ашигтай үед буруу зүйлийг зөвтгөж болно. Тиймээс юу мэддэгээс нь гадна ямар сонголт хийж байгааг харах хэрэгтэй.
Жишээ нь мэдээлэл худал гэдгийг мэдсэн атлаа миний дэмждэг талд ашигтай юм чинь гээд түгээвэл тэр хүн мэдэхгүйдээ алдаагүй. Бусдыг төөрөгдүүлж байгаагаа мэдсээр байж ийм сонголт хийж байна. Харин өөрийн дэмждэг хүний бурууг ч буруу гэж хэлэх, өөрт ашигтай байсан ч худал мэдээлэл түгээхээс татгалзахад шударга зан, хариуцлага хэрэгтэй. Иргэний ёс суртахуун ийм сонголтод илэрдэг.
Энэ нь эх орноо хамгаалахтай шууд холбоотой. Улс орны эрх ашиг заримдаа бидний хувийн хүсэл, дэмждэг талын сонирхлоос өөр зүйл шаардана. Тэр үед баримтыг хүлээн зөвшөөрөх үү, эсвэл өөрийнхөө зөвийг батлахын тулд үнэнийг нуух уу, санал зөрсөн хүнтэйгээ нийтийн төлөө хамтран ажиллах уу, эсвэл тэр хүнийг дийлэхийн тулд зөв ажлыг нь хүртэл үгүйсгэх үү гэдэг бидний ухамсарт сонголтын асуудал. Бидний сонголт бусадтайгаа хамтран асуудлаа шийдэх боломжийг нэмэгдүүлж ч болно, үгүй хийж ч болно.
Иргэний ёс суртахууны үүрэг нь хүн өөрийн үйлдлийг зөвхөн надад ашигтай юу гэдгээр хэмжихгүй байхад оршино.
Миний хийж байгаа зүйл бусдад, эх орныхоо нийтлэг эрх ашигт ямар үр дагавар авчрах вэ гэж бодож чаддаг байх тухай юм. Эх орноо гэсэн сэтгэл ийм хариуцлагатай нийлж байж бидний өдөр тутмын амьдралд бодит утгатай болно.
Эцэст нь хэлэхэд дэлгэцийн цаана бидэнтэй нэг улсад амьдарч, үр хүүхдээ өсгөж яваа хүн байгааг саная. Санал зөрж болно.
Гэхдээ маргааш ч бид энэ эх орондоо хамт амьдарна. Тэр хамтын амьдралаа хамгаалах үүрэг бидэнд, бүгдэд нь бий гэдгийг сануулья.
Ярилцсанд баярлалаа.
