MCS-ийн Ж.Оджаргал “Төр чинь сайн ажиллаад байна. Иргэд өөрсдөө хэмнэх хэрэгтэй“ гэв

MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шатахууны асуудал дээр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр COP17 хурлын үеэр "Засгийн газар харин ч шатахуунаар таслахгүй ажиллаж байна. Одоо иргэд өөрсдөө хэмнэх ёстой" хэмээн хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгсөн нь цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулж буй.
Цахим орчинд иргэдийн зүгээс шатахууны асуудлыг олон жил ОХУ-аас хараат байх шийдвэрийг эх баригчид гаргасан, олон эх сурвалжаас шатахуун авах, өөрсдөө үйлдвэртэй болох бүрэн боломжууд энэ 10 жилийн хугацаанд байсан атал улс төржүүлж явсаар асуудлыг улам хүндрүүлсэн хэмээн шүүмжилж буй. Ж.Оджаргал захирлын хувьд иргэдийг хэмнэх ёстой, төр чинь сайн ажиллаад байхад гэсэн мэссэжийг илэрхийлсэнд олон нийт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ.
Иргэдээс хэмнэлт шаардах нь зөв ч Засгийн газар шатахуун импортлогч эздүүдийг олон жил угжсан, өөгшүүлсэний гор нь өнөөдөр цөөн хэдэн импортлогч нараас хараат байгаа явдал юм. Шатахуун импортлогч нар бүгд том том улс төрчдийн халаасны компаниуд болсон.
Монголын улс төрийн ээдрээтэй өрөг бүрийн ард нэр дурдагдаж байдаг, уул уурхайн олон баялагт "эзэн суусан" газар бол MCS. Тиймдээ ч тус группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргалын нөлөө улс төрд асар их.
MCS групп “Ухаа худаг” ордыг “Энержи ресурс”-ээр “Баруун наран” ордыг “Хангад-Эксплорэйшн”-ээр дамжуулан эзэмшдэг гэдгийг олон нийт андахгүй.
Ухаа худагийн ордыг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. С.Баярын Засгийн газрын үед Тавантолгойн бүлэг ордоос тасалж, MCS -д шилжүүлсэн гэдэг. Харин "Баруун наран" ордыг мөн л хайгуулыг улсын төсвөөр хийсэн байдаг. Ерөөс МCS -ийн нөлөө төрийн өндөрлөгүүдийг халж сэлгэх, засаг төр солих хэмжээнд яригддаг.
Өдгөөгийн 126 гишүүнтэй парламентад MCS-ийн гэх тодотголтой гишүүд олон бий. Л.Энх-Амгалан, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Уянга гээд нэр дурдвал урт жагсаалт гарна.
Тиймээс Ж.Оджаргал захирал өнөөдөр "иргэд хэмнэх хэрэгтэй" гэж хээв нэг хэлж буй нь өөрийн нөлөөний улс төрчдийг хамгаалж, улс орныг нуруун дээрээ үүрч буй иргэд, бизнес эрхлэгчид рүү асуудлыг чиглүүлж хэлсэн нь шүүмжлэл дагуулах нь аргагүй биз ээ.
