АУДИТ: Төсвийн хөрөнгө оруулалтын голлох 5 салбарын хэрэгжилт 77.1 хувьтай байна АУДИТ: Төсвийн хөрөнгө оруулалтын голлох 5 салбарын хэрэгжилт 77.1 хувьтай байна
07 сарын 01, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

АУДИТ: Төсвийн хөрөнгө оруулалтын голлох 5 салбарын хэрэгжилт 77.1 хувьтай байна

2026 оны 7 сарын 01

Arslan.mn

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2026.06.30) хуралдаанаар хэлэлцлээ.  Аудитын дүгнэлт, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Уг дүгнэлтэд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн төлөвлөснөөс 937.6 тэрбум төгрөгөөр тасарсан байгааг дурдлаа. Харин төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их наяд 331.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 2.4 хувиар өссөн байна. Төсвийн зарлагын өсөлт улсын төсвийн урсгал зардал 4.6 хувиар, орон нутгийн төсвийн урсгал зардал 12.7 хувиар нэмэгдсэнтэй холбоотой юм. Улмаар төсвийн суурь тэнцэл 1 их наяд 113.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-д заасан тусгай шаардлагыг хангахгүй байна.

Засгийн газрын өр нэрлэсэн үнээр 35 их наяд 407.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байна. Үүний 95.7 хувь нь гадаад валютаар илэрхийлсэн өр байгаа нь стратегийн баримт бичигт тогтоосон түвшнээс давжээ.Зарим төрлийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэхэд салбарын бодлогын хэрэгжилтэд оруулах гүйцэтгэлийн гол үзүүлэлт тодорхойлогдоогүй, хүрсэн түвшин, гаргасан зардлын үр өгөөж, гүйцэтгэсэн ажлын өртөг тооцох тогтолцоо байхгүйгээс төсвийг зарцуулахдаа арвилан хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах соёл төлөвшихгүй, төсөв тэлэх байдал ажиглагдаж байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн анхааруулав.

Төсвийн хөрөнгө оруулалтын голлох 5 салбарын хэрэгжилт 77.1 хувьтай байна

Төрийн аудитын байгууллагаас “Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн  гүйцэтгэлийн аудитаар дараах нэгдсэн дүгнэлтийг хийлээ. Төсвийн хөрөнгө оруулалтын 2025 оны санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 75.1 хувь, барилга байгууламжийн хоёр ажил тутмын нэг нь ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах таван ажил тутмын дөрөв нь тухайн ондоо хэрэгжиж дуусалгүй дараагийн онд шилжсэн байна. 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 611 төсөл, арга хэмжээний 80 хувь буюу 6 их наяд 981.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 415 төсөл нь боловсрол, зам тээвэр, хот байгуулалт, эрүүл мэнд, эрчим хүч гэсэн тэргүүлэх 5 чиглэлд төвлөрсөн нь суурь дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртгийн 80 хувийг эзэлж буй голлох 5 салбарын Төсвийн ерөнхийлөн захирагчдын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөсөн шалгуур үзүүлэлтээр авч үзэхэд дунджаар 77.1 хувийн гүйцэтгэлтэй гарч байна.uploaded picture

Төсөл, арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, ашиглалтад хүлээн авах, хөрөнгөд бүртгэх үе шат бүрд захиалагч, хяналт хэрэгжүүлэгч, хүлээн авах комисс зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хяналт, хариуцлага сул байгаагаас шалтгаалан зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврын дагуу хэрэгжихгүй байгааг аудитын дүгнэлтэд дурдсан байна. Ингэснээр төсөл хэрэгжих хугацаа хоцрох, дутуу хийгдэх, чанар, стандартын шаардлагад нийцээгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах, бүртгэл хийхгүй байх зэрэг алдаа, зөрчлүүд буурахгүй байгааг таслан зогсоох шаардлагатай байгааг аудитаар зөвлөжээ.

Харин Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан болон төсвийн ерөнхийлөн захирагчдын 60 санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6,792 санхүүгийн тайланг аудитад хамруулсныг С.Магнайсүрэн дарга дурдаад төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 32, “Хязгаарлалттай” 28 дүгнэлт өгсөн бөгөөд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай" дүгнэлт өгсөн гэв. 

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцуулж, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Улмаар Байнгын хороодоор хэлэлцсэн санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, Н.Наранбаатар, П.Ганзориг, Г. Лувсанжамц, Д.Цогтбаатар, Б.Заяабал, Ж.Батжаргал, Б.Түвшин нар тус тус уншиж танилцуулав.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669683
0 эможи

keyboard_arrow_up