Сангийн сайд З.Мэндсайхан өөрийн хүн болох Д.Ганбатыг Хотын гаалийн даргаар томилуулжээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнарантай тохиролцож, өөрийн ойрын хүмүүсээ Замын-Үүд дэх гаалийн газар, Хотын гаалийн даргаар тус тус томилжээ.
Өнгөрсөн долоо хоногт З.Мэндсайхан сайдын хүсэлтээр Улаанбаатар хотын гаалийн газрын цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвд ажилладаг гаалийн улсын байцаагч Д.Ганбатыг Хотын гаалийн газраар томилох шийдвэр гарчээ.
З.Мэндсайхан нь өмнө нь сайдын суудлаа аваад удаагүй байхдаа авлигын хэргээр ажлаасаа халагдаж байсан алдарт уяач С.Дамбажавыг Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар томилуулж байв.
Гаалийн байгууллага нь Сангийн сайд асан Б.Жавхлангийн фракциар дүүрсэн байсан бол одоо З.Мэндсайхан сайдын хүмүүсээр сэлгээ хийж эхэлж буй нь энэ.
Гаалийн байгууллага даяараа хэн нь хэн бэ гэдгийг, ямар шат замаар явж буй, хууль журмаараа албан тушаал ахисан эсэхийг бүгд мэддэг. Тиймээс Улаанбаатар хотын Гаалийн даргаар томилогдсон Д.Ганбатыг албан тушаалын шалгуур хангаагүй мөртлөө томилогдсон гэх.
Үе үеийн сангийн сайдууд Гаалийн байгууллагыг өөрийн нөлөөллийн дохиур болгон ашиглах сонирхолтой байсаар ирсэн. Энэ ч утгаараа Сангийн сайд нь Гаалийн ерөнхий газрын даргадаа шахалт үзүүлэх, дотоод хүний нөөцийн бодлого, шийдвэрт нь нөлөөлдөг болжээ. Төрийн тусгай албыг үнэгүйдүүлэх, ашиг сонирхлоороо далдаас удирдах улс төрчдийн томилгоо цаашид үргэлжилсээр байх уу!
Хотын гаалийн даргаар томилогдсон Д.Ганбатын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮66 сая
Гэр бүлийн орлого: ₮8,1 сая
Орон сууц барилга байгууламж: ₮478 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮115, сая /Lexus, RX 350 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮2 сая /Эзэмших-505м2-1, Эзэмших-509м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮13 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮14 сая гэж мэдүүлжээ.

