Генерал Г.Болор : Дипломат албаны зөөлөн хүчний бодлогыг Б.Батцэцэг сайд зүй ёсоор үзүүлж байгаа Генерал Г.Болор : Дипломат албаны зөөлөн хүчний бодлогыг Б.Батцэцэг сайд зүй ёсоор үзүүлж байгаа
04 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Генерал Г.Болор : Дипломат албаны зөөлөн хүчний бодлогыг Б.Батцэцэг сайд зүй ёсоор үзүүлж байгаа

2026 оны 4 сарын 02

Arslan.mn

Хаанаас нь ч харсан өөгүй, өнгөлөг, өөртөө итгэлтэй, өөр улсын хэд хэдэн хэлээр мэргэжлийн өндөр түвшинд ярьдаг, өөрийн байр суурийг олон улсын тавцанд харуулсан, түүхэнд байгаагүй гадаад болон дотоодын айлчлал, хэлэлцээрүүдийг сүүлийн хэдэн жил идэвхтэй хийсэн, түүгээр зогсохгүй дэлхийн эмэгтэй лидерүүдийн эгнээнд зүй ёсоор орж олон улсын түвшинд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэй Төрийн түшээ бол Батмөнхийн Батцэцэг юм.

Батмөнхийн Батцэцэг хэмээх шавилхан биетэй, шавдуу ажил хэрэгч эмэгтэйн тухай анх Р.Лхагвадулам эгч маань надад эчнээ ярьж танилцуулж билээ. Эгч маань хэд хэдэн удаа над руу утасдаж заа өнөөдөр хоёулаа очиж танилцъя гэхэд нь бас л ажил албаны цаг заваас болоод амжаагүй юм даг. Гэхдээ л уулзах хүмүүс уулзаж учрах хүмүүс учирдаг гэдэг шиг Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдах зөвлөлд ажиллах урилга Н.Болормаа даргаас ирж тэр сайхан хамт олонтой учрах мөчид сайд Б.Батцэцэгтэйгээ анх удаа таарч билээ. Хэдий намайг генерал цол хүртэхэд эмэгтэй сайд, их хурлын гишүүд байлцаж тэдэн дунд Батцэцэг сайд байсан ч хэдэн үг ч сольж чадалгүй мэндлээд л өнгөрч байсан юм. Харин өнөөдөр энэ хүний удирдан чиглүүлж яваа салбарт үүрэг гүйцэтгэнэ гэж хэн санах билээ.

Миний бие өнөөдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Цэргийн зөвлөх хэмээх албан тушаал хашиж улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаална гэсэн бодлогын нэгэн хэсэг болон АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж, амьдарч явна. Миний хувьд би ийм юм хийж байна энд явна тэнд явна гэж цахимд цацаад байх дургүй талын хүн л дээ. Гэхдээ өнөөдөр энэхүү ажиллаж байгаа албан тушаал, амьдарч буй газраа бичин буй маань дээрх дурдаж буй эрхэм хүний ажил үйлсийг сургаар биш биеэр мэдэрч буйгаа тодотгон буй хэрэг билээ.

Тэрээр дипломат харилцааны зөөлөн хүчний бодлогыг тулгуур болгон прагматик, уян хатан байдлаар хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай стратегийн тэнцвэртэй харилцаагаа хадгалж, АНУ, Европ, Япон зэрэг “гуравдагч хөрш”-үүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспорт, худалдааг дэмжих, эрдэс баялгийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын байгууллагууд тэр дундаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Бүс нутгийн болон Зүүн хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг дэвшүүлэх зэргээр маш олон бодлогын ажлуудад эмэгтэй удирдагчийн хувьд торгон мэдрэмжтэйгээр манлайллыг маш өндөр түвшинд харуулж яваа сайд гэж боддог. Манайх шиг геополитикийн өвөрмөц байршилтай, хүчирхэг хоёр гүрний дунд хавчуулагдсан улсын хувьд гадаад харилцааг ганхуулахгүй энэ олон жил өндөр нэр хүндтэйгээр авч явж, олонд хэцүү зангаараа алдартай ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албыг 20 гаран жил хашиж буй С.В.Лавров хийгээд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албыг 10 гаран жил хашиж буй Ван И нарын хашир дипломатчидын хүндэтгэлийг хүлээнэ гэдэг хир баргийн ээжийн охин байтугай аавын хүү туулахад бэрх даваа билээ. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дэлхий дахины аюулгүй байдлын уур амьсгал өргөн хүрээнд хурцдаж, улс орнууд хоорондоо сөргөлдөн тэмцэлдэж байгаа энэ адармаатай цаг үед бид дотооддоо хагаралдан муудаж үүдэн хоймрын зайн бодолд хүлэгдэлгүй үүдээ нээгээд, өрхөө татаад, алсыг харах хэрэгтэй болоод байна даа.

Чингис хааны үеэс эхтэй, харь улстай тэнцвэртэй харилцаа тогтоох, элч солилцох, найрамдлыг бататгах, тусгаар тогтнолоо хамгаалах уян хатан дипломат арга барилыг бид "Төрийн алтан аргамж" гэж нэрийдэж ирсэн бөгөөд АЛТАН АРГАМЖАА бариулсан эзнээ арай дэндүү зовоож байна уу даа...харин тэрээр тэвчиж, тэсэж, уучилж, өнгөрөөсөөр явна...

Бид болж байгаа зүйлээ болж байна бүтэж байгаа сайн сайхан зүйлээ бүтэж байна гэж талархан хүлээн авах тал дээр харалган болоод байгаа мэт сэтгэл ойрын өдрүүдэд төрж байна. Нийт масс хөнгөн хуумгай, худал, явуулгын мэдээлэлд хэт автаж, түүндээ оюун дүгнэлт хийх боломжгүйгээр мэдээллийн сөрөг урсгалд дарагдаж худлыг мянга давтвал үнэн болдгийн үлгэр шиг өөрийн мэдэхгүй, батлагдаагүй мэдээлэлд хэт итгэж хувь хүний болон улс орны эрх ашигт маш их хортой үр дагавар гаргахаар үйлдэл хийгээд байгаагаа мэдэхгүй байх шиг санагдаж өөрийн хувийн орон зайн энэхүү цахим орчиндоо өөрт мэдэгдэж, гарт баригдаж, олонд үнэлэгдэж ажил төрлөө хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж яваа эрхэм хүний талаар үнэн бодит байдлыг цөөн хүнд ч болтугай хүргэж уужуу бодож ухаандаа тунгаагаасай хэмээн анх удаа улс төржсөн өнгө аястай ч ухаж бодох аваас улс орны маань эрх ашиг, ирээдүйн төлөөх сэтгэл зовнил дээрээ тулгуурлан хэдэн үг бичиж буй минь энэ билээ.

Өнөөдөр Монгол төрийг Монгол хүн удирдаж Монголын ард түмэн мэргэн ухаанаараа шүүж сонгох, сонгогдох эрхээ эдлэн аж төрж байгаа маань ч агуу тансаглал бөгөөд аливаад ул суурьтай, ухаалаг хандахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Төр минь төвшин

Түмэн олон минь амгалан байг ээ!

Хүндэтгэсэн Г.БОЛОР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
668242
1 эможи

keyboard_arrow_up