Н.УЧРАЛ: Зээлээс зээлийн хоорон дахь гинжин хэлхээг тасалж, гадаадын банк үүдээ нээхэд хөндөлдсөн хууль журмын түгжээг тайлна

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтээр УИХ-ын дарга Н.Учралын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэдээ,
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
УИХ-ын Хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна.
1-рт, 2024 оны сонгуулиар таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа энэ Хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна.
2-рт, Дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний туйл нь өөрчлөгдөж буй дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр логистикийн хямрал, эрчим хүч, энергийн хомсдолын шинэ сорилтуудтай дэлхийн Монгол улс тулгарч байна. Далайд гарцгүй, цөөн түүхий эдээс хамаарсан экспорт, түлш шатахууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, улсын цаана улс буйг харж, үндэстний эв нэгдэл, язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, сөрөн тэсвэрлэх чадавхаа бататган, тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлахыг хувиран өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёсон дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе Та биднээс нэхэж байна.
3-рт, Ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн та биднээс шаардаж байна. Иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг эвдэхгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй ямагт ёс зүйн өндөрлөг дээрээ ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах нь цаг үеийн шаардлага, цадиг түүхийн сургамж юм.
4-рт, Нийгмийн хэрэгцээ шаардлага, нийт олны хүсэл хүлээлт дагуулсан, хурж овоорсон асуудал бэрхшээлийг тууштай оновчтой тулж шийдэхийг Та биднээс амьдрал өөрөө шаардаж байна. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн эрүүл агаар билээ. Эрх чөлөө бол иргэн ба төрийн итгэлцлийн гагнаас юм. Үндсэн хуульд заасан хүний заяагдмал жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон төрийн хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж хийе бүтээе гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж саадыг чөлөөлөхийг хүслээ хясуулсан монгол хүн бүхэн Та биднээс нэхэн шаардаж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Улсын Их Хурлын чуулганы завсарлагаанаар миний бие УИХ-ын гишүүдийн хамт Зүүн, Төв, Хангай, Хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж буйтай танилцаж, Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, шийдвэрийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь нээлттэй сонслоо. Малчид малчны тухай, ахмадууд Ахмад настны болон тэтгэврийн тухай, эмч багш нар, соёлын салбарынхан цалин хөлсний нэмэгдэл, эцэг эхчүүд, олон нийт Хүүхэд хамгааллын тухай хуулийн биелэлтийг нэхэж, шуурхай, нэг мөр хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Очсон аймаг, сум, уулзсан хүн бүр шахам улс орон даяар гал алдсан, эрчим хүчний доголдлыг хөндөж, арван аймагт хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барих ажил царцаж гацсанд харамсан бухимдаж, аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй өвөлжлөө.
Аймаг орон нутагт ард иргэд бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, бусдаас үл хамааран бие даан бүтээж босгох, ажиллаж хөдөлмөрлөх, төвлөрсөн эрх мэдэл, төсвийн хэт хамаарал, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна. Энэ бол хийж бүтээх санаа шийдэл, эдийн засгийн бие даасан байдал, эрх чөлөөгөө эдлэх эрүүл хүчтэй хүсэл шаардлага юм. Аймаг, сумандаа АМНАТ-өө ахиу үлдээвэл хамгийн их хэрэгцээ шаардлагатай, бүх хүнд илүү өгөөжтэй,хүртээмжтэй, хурж овоорсон, хүсэл хүлээлт дагуулсан асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ гэдгийг тэд хэлж байна. Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулж байгаа аймаг, сумдад АМНАТ-ийг илүү хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь цаг хугацааны шалгуур болон хувирчээ.
Хөдөөгийнхөн хөдөөдөө хүний дайтай амьдрах орчин нөхцөл нь байвал хот руу олуулаа нүүхгүй ээ. Зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барих , малын арьс шир, түүхий эдэд илүү үнэ цэнэ, өртөг ашиг нэмэх үйлдвэрүүдийн үүдийг нээх, залуу ажиллах боловсон хүчин, малчдын залгамж халааг бэлтгэхэд төр, төсвөөс онцгойлон анхаарах шаардлагатайг онцолж байна. Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна.
Тиймээс МУ-ын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан чиг үүргийн шинжилгээг дахин хийж эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна. Монголд дарга нарын тоо нь олдож ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Олон улсын байдал улам ээдрээтэй болж, зэвсэг зөрүүлсэн халуун цэгүүд улам олширч байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дотоод эв нэгдэл, бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоогоо улам сайжруулж, тулаад ирэх ямар ч эрсдэлийг туулж гарах үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа өсгөн бэхжүүлэх шаардлагатай байна. Ойрхи Дорнодод дэгдсэн дайн байлдаан, Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт татарч, энергийн эх үүсвэрийн хомсдол үүслээ. Арав гаруйхан хоногт байгалийн хийн үнэ бараг 2 дахин, газрын тосны үнэ 40 гаруй хувь өслөө.
Дэлхийн Монгол Улсад дэлхийгээс ангид эдийн засаг, дэлхийгээс хамаарахгүй үнэ ханш гэж байхгүй ээ. Ийм хурцадмал байдал сунжран үргэлжлэх болон өсөн нэмэгдэх аваас түлш шатахууны үнэ өсөх магадлал өндөр байна. Түлш, шатахууны үнэ бүх юмны үнэ болж, хоол хүнс, бараа үйлчилгээ бүгдэд шингэдэг ээ. Олон улсын тээвэр, логистикийн тогтолцоо алдагдах, хямрах эрсдэлүүд манай улсын импорт, экспортын өртөг зардал өсөх, эдийн засагт ирэх дарамтыг нэмж болзошгүй байна. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилсэн хэвээр байвал хөрөнгө оруулалт саарч, эдийн засгийн орчинд сүүдрээ тусгаж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн эрэлт, үнэ буурахад хүргэж мэдэхээр байна.
УИХ, Засгийн газар, банк, санхүүгийн байгууллагууд энэ бүх эрсдэлийг нарийн тооцоолж, үр дагаврыг нь бууруулахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, оновчтой бөгөөд шуурхай шийдвэр гаргаж, арга хэмжээ авах нэн шаардлагатай байна.
Тухайлбал, стратегийн бүтээгдэхүүн болох түлш шатахууны 3–6 сарын хэрэгцээгээ үүцлэн нөөцлөх, нэг улсын хамаарлыг бололцооныхоо хэрээр багасгах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хурд нэмэхэд онцлон анхаарч ажиллахаас өөр арга үгүй. Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөцөө ашиглан, нарны илч, салхины хүчийг хүртэл журамлан хясаж, өөрсдийнхөө гэрэл гэгээг хааж тушсан гацаа саадаас өөрсдийгөө чөлөөлөх нь эрсдэлийг дунд хугацаанд бууруулахын төлөө хийх ажил, шийдэх асуудал болоод байна.
Зээлээс зээл, өрөөс өрийн хоорон дахь гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль журмын түгжээг тайлж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлөх хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Олон улсын ээдрээтэй нөхцөлд бид улсынхаа эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаа эргэн нэг харж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн зарлагын хэмнэлт, экспортыг дэмжсэн бодлогын үр дүнд эдийн засаг эргэн сэргэж байна. Эдийн засгийн өсөлт 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувь гарлаа. Хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааны салбарын өсөлт удааширсан нь өсөлтийг сааруулсан ч уул уурхайн салбарт газрын тосноос бусад бүтээгдэхүүний олборлолт өссөнөөр салбарын өсөлт сэргэж 10.6%-д хүрсэн байна. Харин сүүлийн 2 жил дараалан зудын хүндрэлийн улмаас агшсан байсан хөдөө аж ахуйн салбар 2025 онд сэргэж 33.2% өслөө. Орон сууц, эмнэлэг, сургууль, Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт барилгын салбар өсөлтийг дэмжиж 15.9 хувиар өслөө.
Экспорт 2026 оны 1 дүгээр сард 1.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна.
Инфляц 2 дугаар сарын эцсийн байдлаар 6.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар, өмнөх сараас 1.0 нэгж хувиар буурсан байна.
Цаашид бид эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж хүндээ хүртээмжтэй болгох шаардлагатай байгааг онцлон сануулъя.
Төсвийн орлого ч, зарлага ч экспорт, нүүрсний экспортоо даган тэлж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тогтвортой нэмэгдэж 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрсэн бол нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгдсэн. Харин 2025 онд анх удаа 31.3 их наяд төгрөг болж буурсан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй зөв бодлого юм.
Сүүлийн жилүүдийн төсвийн хэт тэлэлтийг даган төсвийн урсгал зардлын хэмжээ өнөөдөр 24 их наяд хүрч, улмаар шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг төсвийн бүх төрлийн урсгал зардал хамгийн багадаа 2 дахин нэмэгдсэн байна.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 208 хуулийн 1024 заалтаар МУ-ын төсвийн урсгал зардлыг хуульчилсан байдаг. Энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, урсгал зардлыг хуулиар тогтоосон байдлыг өөрчилж байж төсөвт дорвитой өөрчлөлт хийж чадахыг хууль тогтоогчид бид анхаарах хэрэгтэй.
Бид гүүр барих ТЭЗҮ-д 28 тэрбум төгрөг, уул нүхэлж туннел барих төслийн ТЭЗҮ-д 60 тэрбум төгрөг зэрэг хэрэгжих эсэх нь тодорхойгүй “цаасан төслүүдэд” их хэмжээний төсөв зарцуулж буй нь төсвийн сахилга бат, үр ашгийг бууруулжээ. Цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг үр ашиг, хэрэгжих бодит боломжоор нь эрэмбэлэн төлөвлөх шаардлагатай байна.
Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нийт зардлын эдийн засаг дахь харьцааг 2026 онд 32.2 хувь, 2027 онд 30 хувь, 2028 онд 28.6 хувь байхаар үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгасан нь дэвшил байлаа. Төсвийн зардлын өсөлтийг ийнхүү хязгаарлаж байгаа нь төсвийн зарцуулалтыг үр ашгийг нэмэгдүүлэх, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлах замаар мөнгөний бодлоготой уялдуулж, дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинд тогтворжуулахад хувь нэмэр оруулах болно. Үүний үр дүнд дунд хугацаанд зээлийн хүү буурах, Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтвортой нэмэгдэх, төсвийн бодлогын орон зай бэхжих зэрэг ач холбогдлууд бий болно.
Эрхэм гишүүд ээ,
Энэ бүх эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд УИХ-ын хаврын чуулганаар дараах асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулахыг хүсье.
Улсын Их Хурлын даргын хувьд эдийн засаг дахь төрийн хэт оролцооны буруу зуршлыг хумьж, хувийн хэвшлээ дэмжих, иргэнээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяслаас хамтдаа чөлөөлье. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя. Чуулганы завсарлагаанаар Дашцэрэнгийн Энхтүвшин гишүүний ахалсан Ажлын хэсэг бүтээлчээр ажиллаж иргэд, бизнес эрхлэгчид, төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн олон талын оролцоотой цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдах 90 гаруй хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Хориглоогүй л бол зөвшөөрдөг байхаас татгалзах, олон төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл хөөцөлдөн хүлээхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болох, зөвшөөрлийн тоо, төрлийг эрс цөөлөх, шинээр олгох, сунгахад тавьдаг шаардлага нөхцөл, бичиг баримт, шат дамжлагыг багасгахыг хөдөлмөрч ажилсаг хүмүүс санал нэгтэй дэмжиж байна. Бизнес эрхлэхэд учруулдаг захиргааны дарамтыг бууруулах, тогтвортой байдлыг нь хамгаалах, зөвшөөрлийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим төрлийн энгийн зөвшөөрөл, мэдэгдлийг төрөөс салгаж, мэргэжлийн холбоодод шилжүүлэх энэ хууль төрийн хүнд суртлыг бууруулах хандлагын дорвитой өөрчлөлтийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Арилжааны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Нийтийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, Татварын багц хуулийг цогцоор нь шинэчилж хөрөнгө оруулалтад тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, өөрийнхөө хөлс хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэй хэн бүхэн хүсэж байгааг анхааран авч үзэх ёстой.
Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, гэнэт эргэж буцаж, орон зай, зах зээл, бизнес төлөвлөгөө зорилтыг нь нураадаггүй, хөрөнгө оруулагчдыг урьж авчирчхаад хөөж явуулдаггүй байхыг хуульчлан хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж дэмжих нэн шаардлагатай байна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг дархалж, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглож, төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь хөрөнгө оруулалтыг урин дуудах үндэс суурь юм. Иймд хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэддээ ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлан гаргах шаардлагатай байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж хуулийн төслүүдийг боловсруулахаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Чулуунбилэгийн Лодойсамбуу нарын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсэг Одонгийн Цогтгэрэл даргатай Ардчилсан намын бүлгээс боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг нэгтгэн, улс төрийн намуудын зөвшилцлийн дор хамтран боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын хаврын чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа дарамт болсон татварын ачааллыг бууруулах Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийг авч хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум, нийтдээ 2,7 их наядаар ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1 хувиар тооцон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан байна. Иймд УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүд хамтран ажиллаж иргэд, ААН-ийн шаардлагад нийцсэн татварын багц хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй батлан гаргах нь зүйтэй байна. Татварын багц хуулийн төсөлд санал дүгнэлт боловсруулах Лхагвасүрэнгийн Соронзонболд, Батбаярын Жаргалан нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.
Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өнгөрч байна. Арван жилийн өмнө жигнэсэн дундаж нь 17-20% байсан зээлийн хүү өнөөдөр ч хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүйн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд улс орноороо оржээ. Европ, Азийн банкнуудыг Монголд урьж дуудсан нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл гэж үзэж байна. Зөвхөн зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, бизнесийн санхүүжилтийн боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал юм. Зээлийн хүү буулгах нь зөвхөн гадаадын банк оруулж ирээд шийдчих зүйл биш юм. Ойрын жилүүдэд эдийн засагт эзлэх төсвийн нөлөөг бууруулж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч, халамжаас хөдөлмөрт, импортлогчоос экспортлогч улс болж байж зээлийн хүү бага түвшиндээ хүрнэ. Харин богино хугацаанд иргэд, үйлдвэрлэгчдэдээ илүү боломж нээхийн тулд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь гадаадын банк орж ирж, санхүүгийн нөу-хау, шинэ стандарт, эрсдэлийн удирдлагын соёл, технологийн шинэчлэл, илүү үр ашигтай банкны салбарын шинэ хөгжлийг эхлүүлэх болно. Санжаагийн Наранцогт Ерөнхийлөгчтэй Төвбанкны бүрэлдэхүүн санаачилгатай ажиллаж, Төвбанкны бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, даргын тоог цөөлж, 700 хүрээд байсан орон тоог 500 болгож оновчилж, банкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах, гадаадын банк оруулж ирэх, зээлийн хүүг бууруулах цогц судалгаа хийж нөхцөл байдалдаа бодитой үнэлэлт дүгнэлт хийж ажилласанд талархалтай байна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай УИХ-аас батлан гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Ганзоригийн Тэмүүлэн, Банзрагчийн Түвшин, Нанзадын Наранбаатар нарын Ажлын хэсэг чуулганы завсарлагаанаар ажилласны үр дүнд Банкны тухай хууль болон Төвбанкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарна. Улсын Их Хурал гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасан билээ. 2026 оны 1 дүгээр сард шүүгчид нь томилогдсон дагнасан шүүх үйл ажиллагаандаа хэрэглэх Хүрэлбаатарын Баасанжаргал, Оюунсайханы Алтангэрэл нарын гишүүдээр ахлуулсан ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хууль тогтоогчдын хувьд ч, өөрсдөө үр хүүхэдтэй ээж аавуудын ч хувьд эн тэргүүнд шуурхай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно. Үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нийгмийг цочроосон олон гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлж гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог эргэн сэргээж гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг цаг алдалгүй хэлэлцэн баталж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалцгаая.
Тэтгэврийн тогтолцооны нөхцөл байдал, тулгамдсан асуудал бэрхшээлийг санхүүгийн салбарыг хөгжүүлэхтэй хамтатган авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр дан ганц улсын нийгмийн даатгалын сан шийдэл гарц, шинэ шатанд хүргэж чадахгүй нь тодорхой боллоо. Ахуй амьдралыг тэтгэж чадахгүй, хүн амын насжилт өсөж буй хурдыг гүйцэхгүй, гал унтраах маягаар аргацаасаар нөхцөл бололцоогоо шавхах нь ойлгомжтой байна. Иймд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дахин боловсруулж хэлэлцэн батлуулах шаардлагатай байна. Улсын нийгмийн даатгалын сан даатгадаг биш өөрөө даатгуулдаг, тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарч тэтгүүлдэг болсон нөхцөл байдлыг өөрчлөх хуулийг нэн яаралтай хэлэлцэн баталцгаая. Иргэн ирээдүйгээ дан ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-н гишүүн Мэндбаярын Мандхай, Гончигдоржийн Уянгахишиг нараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Нийгмийн бодлого өөрөө зорилтот бүлгүүддээ хүрч байх нь нэн чухал билээ. Иймээс Отгоны Саранчулуун, Жадамбаагийн Баясгалан гишүүдээр ахлуулсан хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ч үүний тод илэрхийлэл байх болно.
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын багц хуулиудыг шинэчлэн батлах шаардлага үүслээ. Эрүүл мэндийн тухай хуульд салбарын нэгдсэн бодлого, засаглалын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах тогтолцоо бүрдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан, хяналт, хариуцлагын тогтолцоотой, ил тод болгох, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй зохицуулалтыг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл амьдрах соёл, хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай. Иймээс Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Даваасамбуугийн Ганмаа, Тогтмолын Мөнхсайхан, Буланы Бейсэн нарын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар хойшилж, 182 орноос 124 дүгээр байрт орлоо. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантайгаа мартах учиргүй. Өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдан маргалдаад юуг ч өөрчлөхгүй, зөвхөн засаж залруулж өөрчилнө. Үүнд олон шалтгаан бий ч онцлон авч үзвэл
-Байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, шийдвэр гаргахтай үйл явц өөрөө ил тод бус, зохицуулалт хангалтгүй,
-Төсвийн зарцуулалт, төрийн өмчит компаниудын засаглал сул, хаалтттай нуугдмал,
-Шүгэл үлээгчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин тодорхойгүй,
-Авлигын эсрэг ард түмний шууд хараа хяналт хязгаарлагдмал
-Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн шалгалтаас зайлсхийдэг
-Авлигыг үл тэвчих соёл хангалттай түгэн дэлгэрээгүй зэрэг үндсэн шалтгааны улмаас Авлигын төсөөллийн индекс төсөөлснөөс илүү муудаж байна.
Энэ удаагийн УИХ-ын онцгой зорилт, даалгавар бол олон улсын авлигын төсөөллийн индексээр арагшлах биш урагшилж, ахиц амжилт гаргах явдал юм. Өнөөдөр эхэлж буй Хаврын чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл хөрс орчин бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг уриалж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол улсын бүх иргэд юм. Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл, алдарсан итгэлцэл юм. Энэ хаврын чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураан авах, нөхөн төлүүлэх илүү ил тод, илүү үр дүнтэй шинэ тогтолцоог хуульчлахад онцлон анхаарч ажиллацгаая. Авлигын гэмт хэрэгтнүүд арга заль ихтэй тул хууль бусаар олж завшсан хөрөнгөө элдэв янзаар нуун дарагдуулж, угааж хувирган ял завшуулж байна. Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд, боловсролд зориулж эмнэлэг сургууль барихад зарцуулдаг болох хуулийг энэ Хаврын чуулганаар хуульчлан шийдвэрлэх хүсэл зоригтой байна. Энэ хуулийг боловсруулах ажлыг Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэлд хариуцуулан ахлуулан ажиллуулах болно.
Үндсэн хуулийн цэцийн 10-р дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулж УИХ-ын Хишигдэмбэрэлийн Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс боловсруулах Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газраас өргөн мэдүүлсэн, УИХ-н гишүүн Доржсүрэнгийн Үүрийнтуяа, Пүрэвжавын Сайнзориг, Одсүрэнгийн Номинчимэг нарын ахласан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль болон Нийтийн өмчийн тухай хуулиуд нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, улс төрөөс ангид төрийн өмчит компанийн бие даасан хараат бус засаглалыг бий болгох авлигын индексийг бууруулахад онцлох чухал хуулиуд байх болно.
УИХ-ын гишүүн Болдын Уянга нарын боловсруулсан Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах нь ч авлигын төсөөллийн индекс бууруулахад чухал алхам болох бөгөөд зөвхөн аж ахуйн нэгжид даатгаад орхих бус иргэд, орон нутгийн иргэд, иргэний нийгэм зэрэг Талуудын идэвхтэй оролцоог эрх тэгш хангадаг, олуулаа шууд харж хянаж, мэдэж танилцаж болдог, байгальдаа ч ээлтэй, баялгаа ч ашигладаг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь авлига ашиг сонирхлын хамаарлыг бууруулах, эдийн засгаа дэмжих хөшүүрэг болох болно.
УИХ-ын даргын Чөлөөлье санаачилга, 3х100 хөтөлбөр, “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” УИХ-ын тогтоолын дагуу УИХ-ын гишүүн Мөнхчулууны Энхцэцэг, Саруулсайханы Цэнгүүн нарын ажлын хэсэг идэвх, санаачилгатай ажиллаж, 20 кВт-аас доош үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд холбоход хүлээдэг 6-12 сарыг ажлын 11 хоног, 9-15 шат дамжлагыг 3 болгон цөөлж, техникийн нөхцөл шаардахгүй болгон, нарны илч, гэрлийг хүртэл халхалсан хүнд суртлаас чөлөөллөө. Аймгийн төвүүдэд нарны хавтан, хураагуур станцад барихад хөндөлсөн зөвшөөрөл, газар олгохыг хөнгөвчилж, хөрөнгө санхүү босгох бэлтгэл орчин бүрдүүлж байна.
Хаврын чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн тэнцлийг хангах, карбон зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүртгэл, баталгаажуулалт, тайлагналтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг санаачлан олон нийтийн хэлэлцүүлэгт оруулаад байна. Хууль батлагдсанаар УИХ-ын тогтоолд заасан 10,000 айл санхүүгийн дарамт багатайгаар орон гэрээ дулаалж, өрхүүд нарны эрчим хүч үйлдвэрлэгч болох, нэмэлт орлого олох, 6 аймагт 100 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр баригдах болно. Тэр хэрээр эрчим хүчний хүндрэл багасах, аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулах болно.
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг цогцоор нь харж хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Салдангийн Одонтуяа нарын ажлын хэсгийн үр дүнд ногоон хөгжлийг чөдөрлөсөн эрх зүйн зохицуулалтыг чөлөөлөх хуулийн шинэчлэлийг хийх нь бидний өмнө тавигдаж буй чухал зорилт юм. Байгаль орчны салбарыг усгүйгээр төсөөлөхүйн аргагүй. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ч хариуцлагатай ажиллаж буйг онцлон тэмдэглэе.
Хөдөө орон нутагт 8200 гаруй иргэнтэй уулзахад олон удаа дахин давтагдан хөндөгдсөн алслагдсан аймаг орон нутаг дахь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг чанарыг сайжруулах чиглэлээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Жанчивын Галбадрах, Ахмад настны тухай хуулийг УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат, Малчны тухай хуулиудын биелэлтийг шалгах ажлын хэсгийг УИХ-н гишүүн Цагаанхүүгийн Идэрбат, Очирбатын Амгаланбаатар нараар ахлуулж шалган судалж, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх хувилбарыг тодорхойлох, шаардлагатай шийдвэрийн төсөл боловсруулахаар ажиллаж буй нь иргэдийн уулзалтын мөрөөр хийгдэж буй хууль тогтоох байгууллагын ажлын залгамж чанар юм.
Төрийн албан хаагчид сар тутам, улирал тутам, хагас жил тутам, бүтэн жилээр, бодлогын баримт бичгийн төрөл тус бүрээр гэхчлэн хамгийн багадаа 14-18 төрлийн тайлан бичиж байна. Төрийн албан хаагчдын нийт үйл ажиллагааны 70 хувь нь урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн шинжтэй, тухай бүр удирдлагын заавраар хийгддэг, тайлан, мэдээлэл бэлтгэх ажлууд багтаж байна.
Ийм учраас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн бүтээмж, үндсэн ажилдаа зарцуулах цагийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн улс орнуудад баримталж байгаа “Once-Only” зарчим буюу “Ижил агуулга бүхий тайланг нэг удаа авч”, дараа нь бусад байгууллага тэр мэдээллийг цахим системээсээ шууд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ хуулиар Төрийн байгууллага, албан тушаалтан цахим системд байгаа тайлан, мэдээллийг төрийн албан хаагчаас давхардуулан шаардах, цаасан хэлбэрээр гаргуулан авахыг хориглоно. Цаашид Улсын Их Хурал баримт бичгийг олшруулан тараадаг биш цахим хэлбэрээр танилцаж цаасны зардлыг бууруулна. Төрийн байгууллагуудаас ч цаасаар тайлан мэдээлэл шаардахыг таслан зогсооно. Иймд УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очир нарын гишүүдийн боловсруулсан Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хууль, Засгийн газар дахь хяналтын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар эдгээр асуудлыг нэг мөр шийдвэрлэх болно.
Эрхэм гишүүд ээ,
УИХ-ын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдаад байгаа энэ үед ердөө 19 хувьд нь оролцсон гишүүн ч байна. Хурал чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлын цагийнхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна. Хичээлийн жилийнхээ 9 сарын 6-г нь тасалсан оюутан, сурагчийг сургуулиасаа чөлөөлөгдөхгүй байгааг, ажлын 22 өдрийн 15-д нь ирээгүй ажилтан албан хаагчийг ажлаасаа халагдахгүй байж болдог гэдгийг иргэд хэрхэвч ойлгохгүй байна.
Нээлттэй парламентийг бүрдүүлж иргэдийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, цаас биш цахим, баримжаа сураг биш баримт нотолгоонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Тамгын газраас e.parliament.mn платформ нэвтрүүллээ. УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж, эдийн засаг, нийгмийн 4 үндсэн салбарын 12 дэд бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их өгөгдөл, статистикийн дашбоард (хяналтын самбар) ажиллаж эхэллээ. Энэхүү дашбоард УИХ-ын гишүүдийн ирц оролцоо, идэвхийг хүнээс хамааралгүйгээр үнэлэхээс гадна УИХ-ын гишүүд ч тэр, иргэд сонгогчид нь тэр сонгосон гишүүнийхээ ажлын тайлан, ирц болон идэвх оролцоог цаг тухайд нь хардаг шинэ соёлыг бүрдүүлж өгнө.
Энэхүү дашбоардыг амилуулах зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлж парламентын үйл ажиллагаанд ашиглах, их өгөгдөл, судалгаа, мэдээлэл боловсруулахад ашиглаж эхлээд байна.
Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж, МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт нь хүний эрхийг хязгаарласан, зөрчилдсөн, шууд зөрчиж байна гэсэн ноцтой дүн гарсан. Эрх чөлөөт Монгол улсын иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тушсан 1000 чөдөр, 1000 гох дэгээ байна. УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, хааж боосон эсэхийг хэн хүссэн нь d.parliament талбарт зочилж, хиймэл оюун ухааны тусламжаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж буй шийдэл юм. Учир нь хүний эрх бол иргэн Таны эрх. Хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжуудын давхардал хийдлийг арилгах хуулийн төслүүдийг боловсруулахаар Хүрэлбаатарын Баасанжаргал, Сүхбаатарын Эрдэнэболд нарын гишүүдийн ажлын хэсэг ажиллаж байна. Хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах тус хууль хиймэл оюуныг ашиглан дүн шинжилгээ хийсэн анхны хууль болно гэсэн хүлээлттэй байна.
Мөн УИХ-ын тамгын газар, Чинбатын Анар гишүүний ахалдаг Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо парламентын нээлттэй өгөгдлийн (Open Data) сан байгуулах ажлыг чуулганы завсарлагааны хугацаанд хэрэгжүүлж эхлэлээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж хяналт шалгалт, дүрэм журам, лавлагаа мэдээлэл, үнэлгээ дүн шинжилгээ зэрэг парламентын үйл ажиллагаатай холбоотой нийт 8 бүлгийн 529 тайлан, мэдээллийг parlament.mn хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулж парламент хуулиар хүлээсэн нээлттэй болгох мэдээллүүдийнхээ 95 хувийг олон нийтэд нээлттэй болгож чадлаа.
Хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтийн текстийг онлайнаар нээлттэй байршуулж гишүүн бүрийн санал хураалтын дүнг ил тод харуулах, хуулийн төслийн явцыг өргөн барьсан → хэлэлцүүлсэн → баталсан процессыг системээр харуулдаг системийг нэвтрүүллээ. Парламентын үйл ажиллагаа (гишүүдийн ирц, өгсөн санал, хэлсэн үг)-г ил тод болгох нь сонгогдсон гишүүдэд иргэд, олон нийтийн зүгээс тавих хяналтыг нэмэгдүүлж, сахилга батыг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.





