Оюутны холбооны мөнгийг хувьдаа завшиж АТГ-т шалгуулж явсан Д.Батбаяр “Монгол наадам” цогцолборт шургажээ

Төрийн албанд туршлагатай хүмүүс мерит зарчмаар томилогдохоос илүүтэй төрөл садны, танил талын томилгоо хийгдэх асуудал үеийн үед гарсаар л байна. Үүний тоо жишээ бол Оюутны холбооны Д.Батбаяр юм.
Учир нь Монголын оюутны холбоог удирдах үедээ 300 сая төгрөг хувьдаа завшиж АТГ-т шалгуулж явсан Д.Батбаяр “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын маркетингийн албаны даргаар томилогджээ.
Түүний хувьд төрд “өдөлж нисээд" удаж буй. Тэрбээр өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэдэх “1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нэгэн.
Д.Батбаяр нэр холбогдсон хэргийг эргэн сануулахад, тухайн үед албаны эх сурвалж “Д.Батбаяр нь илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн хуурамч материал бүрдүүлэн мөнгө завшсан баримт бий. Бид хуулийн дагуу шалгана” гэж байсан юм. Харин Д.Батбаяр “Намайг гэмт хэрэгтэн мэт ойлгуулж, нэр төрд минь халдаж байна. Би шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн ч АТГ түүнийг албан тушаалаа урвуулан, холбооны мөнгө завшсан болохыг тогтоосон гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан.
Товчхондоо, ёс зүйн хувьд төрийн алба бүү хэл төрлийн албанд ч тэнцэхгүй энэ нөхөр эцэст нь Монгол наадам цогцолборт хурган дарга болж, “өдөлж нисээд” төрд зүтгэх болсон байна.





