УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадагш явах хүсэлт гаргасан ч түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарахыг нь хориглолоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх таван удаа хойшилсон билээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх хурал эхэлсэн ч өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс зарим гэрчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар ирэх сарын 05-ны өдрийг хүртэл /2024.02.05/ хойшлууллаа.
Өмнөх шүүх хурлын үеэр шүүгдэгч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадагшаа явах шаардлагатай тухай хүсэлтээ илэрхийлж таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн хурлаар түүнд таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон шийдвэрийг дахин гаргалаа.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.