ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ: Төрийн гурван өндөрлөг ЮУ ХЭЛЭВ... ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ: Төрийн гурван өндөрлөг ЮУ ХЭЛЭВ...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ: Төрийн гурван өндөрлөг ЮУ ХЭЛЭВ...

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр төрийн гурван өндөрлөг цахимаар мэндчилгээ дэвшүүлснээс онцлон хүргэе. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Хичээлийн шинэ жил эхэлж, цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимын хичээлдээ суралцахад бэлэн болжээ. Цар тахалтай байгаа ч 2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.

Зуны амралт дуусаж, есдүгээр сарын 1-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор та бүхэн маань сургууль танхимаа харах гэж, ангийн найз, багш нартайгаа уулзах гэж догдлон байгааг ойлгож байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуусаа, монголчууд эртнээс "Эрдэм ном дээд баян" хэмээн эрдэм номыг чухалчлан дээдэлж ирсэн билээ. Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах мэдэхэд туйлбартай зүтгэх аваас зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай.

Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье" хэмээв.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас та нар маань анги танхимдаа цуглаж, суралцаж, анд нөхөдтэйгээ хөгжиж, хөгжилдөж чадахгүй бараг 2 жил боллоо. Сурч боловсрох эрхтэй. Энэ хоцрогдлыг нөхөх сорилт бидэнд тулгарч байна. Иймд сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.

Энэ бүхний үр дүнд сургууль боловсролын байгууллагууд хэвийн ажиллах, та нар маань эрдмийн танхимдаа урьдын адил өдөр бүр цуглаж, хичээл сурлагадаа санаа зовох зүйлгүй шамдах цаг ирж байна. Гэхдээ бүрэн тайвшрах, цар тахлыг нэг мөсөн ялах өдөр хараахан болоогүй байна. Сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

Монгол Улсын хувьд COVID-19 цар тахлын эрсдэлд хамгийн их өртсөн салбар бол Боловсролын салбар юм.

Танхимын, цахим, интерактив, зайны сургалтдаа идэвхтэй оролцож, сурах болон сургах үйлстээ чин сэтгэлээр хичээн шамдсан нийт хүүхэд багачууд, эрдэмтэн багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энэ хичээлийн жилд өнгөрсөн 2 жилд учирсан хичээлийн хоцрогдол, алдсан боломжуудаа нөхөх, арилгах нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно.

Технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаанд амжилттай ашиглах, танхимын болон зайны сургалтын хэлбэрийг хослуулан, улам боловсронгуй болгох шаардлагатай байна.

Дэлхий нийтийн цахим сургалт нь e-Learning буюу цахим сургалт, m-Learning буюу хөдөлгөөнт сургалт, smart-Learning буюу ухаалаг сургалт гэх мэт хөгжлийн шатуудыг туулсаар байна. Ойрын ирээдүйд u-Learning буюу хүссэн газраасаа хүссэн төхөөрөмжөө ашиглан суралцах боломжийг бүрдүүлэх шинэ шатанд шилжиж байна.

Түүнчлэн технологийн 4-р хувьсгалын энэ эрин үед хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, цахим засаглал, Bigdata-гийн үүрэг улам бүр нэмэгдэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө тэмүүлж байна. Тиймээс багачууд та нар маань багш нартайгаа хамтран энэ шинэ технологи, арга ухааныг сайтар эзэмшиж, дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн ирээдүйг зорихын төлөө хичээн шамдахыг уриалж байна.

Орчин үед диплом, гэрчилгээ, сертификатаас илүү хүний авьяас чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлийг эрхэм чухалд тооцох боллоо. Онцгой авьяас чадвартай 13-16 насны үе тэнгийнхэн чинь  Microsoft, Apple, Toyota гэх мэт дэлхийн хэмжээний том компаниудад уригдан ажиллаж байна.

Орчин цагийн энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсролын хуулийн төслийг бид хэлэлцэж байна. Иймд багш сурган хүмүүжүүлэгч, оюутан залуус, хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн саналаа энэ хаягаар ирүүлэхийг хүсье.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Ердийн үед есөн сарын нэгэн зөвхөн баяр байдаг байсан. Харин өнөөдөр цар тахлаас улбаалж, та бидэнд томоохон сорилт, хамтын хариуцлагыг авчирч байна.

Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол юм. 2021 оны 3 дугаар сарын 21-нд болсон ЮНЕСКО-гийн сайд нарын уулзалтаар энэ үзэгдлийг “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн тодорхойлсон байна.

Хүн амын бүрэн вакцинжуулалт 64.2 хувьд, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид 3 дахь тунд хамрагдсанаар Бид хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдлээ.

Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах үед энэ цаг өөрөө түүхэн цаг болон хувирна. Цар тахлын нэн хүнд үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан та бүхэн бол энэ цаг үеийн баатрууд билээ.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх ачааны хүндийг үүрсэн нийт багш нартаа болон цахим сургалтыг дамжуулах боломж бүрдүүлсэн хэвлэл мэдээллийн салбарынханд, идэвхи зүтгэлээ дайчлан суралцсан нийт оюутан сурагчиддаа Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье!

Засгийн газраас боловсролын шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.  Энэ хууль батлагдсанаар ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж,  Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Монгол хэл бичгийн төгс хэрэглээг эзэмшүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдагч хэл болгож дэлхийн иргэд бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн энэ хичээлийн жилээс 5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, Үдийн цайг-Үдийн хоол болгож, гурван ээлжийн хичээлийг хоёр ээлжинд бүрэн шилжүүлж дууслаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630461
0 эможи

keyboard_arrow_up