ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг УИХ томилдог болъё ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг УИХ томилдог болъё
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг УИХ томилдог болъё

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Нэг "асуулт" гарч ирлээ. Хэрвээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг УИХ-аас томилдог байсан бол А.Гансүх энэ албан тушаалд очих байсан уу.

Энэ эргэлзээтэй. Ялангуяа МАН илт олонхиороо суучихсан ийм УИХ лав хэзээ ч томилохгүй.

Гэхдээ ҮАБЗ-ийн тухай хуулийн 6.2-т “...Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно” гээд  заачихсан.

Энэ дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, А.Гансүхийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилсон. Ер нь бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг үе үеийн Ерөнхийлөгч нар томилж ирсэн хэрэг л дээ. Тэглээ гээд хэл ам гарч байсангүй.

Харин энэ удаад А.Гансүх дээр асуудал үүслээ. Өнөөдөр түүний нэр холбогдсон гэх асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдэгдэж, нэгмөр болоогүй учраас буруутай гэж ярих нь учир дутагдалтай. Гэвч ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалтай хүн иймэрхүү зүйлд нэр дурдагдана гэдэг ёс зүйн хувьд том асуудал юм.

Учир нь ҮАБЗ гэдэг байгууллага бол ямар нэг улс төрийн хүчин, бүлэглэл, фракц,, тэр бүү хэл төрийн аль нэг институцийн түвшингийнх биш. ҮАБЗ нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол хийгээд гадаад, дотоод таатай нөхцлийг баталгаатай хангах үүрэгтэй. Ерөөс Үндэсний аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын оршин тогтнол, нийгэм-төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, мэдээлэл, монгол соёл иргэншил, хүн ам, удмын сан, экологи, хүнсний аюулгүй байдал зэргийг хамаардаг. Шууд утгаараа улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын цөм асуудлыг ҮАБЗ хадгалдаг.

Ийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга илүү том үүрэгтэй. Бас эрх мэдэлтэй.

ҮАБЗ-ийн тухай хуулийн 6.2-т “...Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ” гэж  тодорхойлсон.

Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 174 дүгээр зарлигийн хавсралтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг, эрхийг заагаад өгчихсөн.

Уг хавсралтад:

2.24. Зөвлөлийн тэргүүн, гишүүд хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах нь Зөвлөлийн нарийн бичгийн даргын үндсэн чиг үүрэг мөн.

2.25. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жилийн төлөвлөгөөг Зөвлөлийн тэргүүнээр батлуулна.

2.26. Зөвлөлийн хуралдаанаас гаргах шийдвэрийн үндэслэлийг боловсруулах ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн илтгэгч, зөвлөхийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

2.27. Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна.

2.28. Зөвлөлийн тэргүүн, гишүүдэд үндэсний аюулгүй байдлын холбогдолтой судалгаа, мэдээллийг танилцуулна.

2.29. Зөвлөлийн ажлын албаны улирлын ажлын төлөвлөгөө болон ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталж, жилийн ажлын тайлан, улирлын ажлын дүнг хянан үзэж Зөвлөлийн тэргүүнд илтгэнэ. Зөвлөлийн тамгыг түшнэ.

2.30. Зөвлөлийн ажлын  дотоод дүрэм, мэдээллээр хангах журам, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх орон тооны бус байнгын ажлын хэсгүүдийн ажиллах журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, эдгээр дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Зөвлөлийн тэргүүнд танилцуулна.

2.31. Зөвлөлийн ажлын албаны болон үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталж, хяналт тавьж ажиллана.

2.32. Зөвлөлийн тэргүүний чиглэл болгосноор гадаадын ижил төстэй байгууллагатай үндэсний ашиг сонирхолын үүднээс харилцаа тогтоох, хамтран ажиллах ажлыг хариуцна.

2.33. Зөвлөлийн ажлын хэсэг байгуулах талаарх саналаа Зөвлөлийн тэргүүнд танилцуулна.

2.34. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь үүргээ хэрэгжүүлэхдээ Зөвлөлийн тэргүүн, гишүүд, илтгэгч, зөвлөх, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харъяа байгууллага, нутгийн захиргааны удирдлагатай шууд харилцаж ажиллана.

2.35.Эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль, тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, шийдвэрт нийцүүлэн захирамж гаргаж, биелэлтийг нь хангуулна.

2.36. Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллагад шалган танилцаж, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх болон үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахтай холбогдсон асуудлаар албан тушаалтанд шаардлага тавина.

2.37. Зөвлөлийн шинжээчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Зөвлөлийн тэргүүний чиглэл болгосноор шинжээчдэд үүрэг даалгавар өгнө.

2.38.Монгол улсын үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар УИХ-д мэдээлнэ.

2.39.Дэвшүүлсэн хэтийн зорилтоо хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалт шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад санал оруулна.

2.40.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.41.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад хуулийн этгээдээс эрхлэх ажлын хүрээнд шаардлагатай бүтээгдэхүүнийг худалдан авч болно.

2.42.Ажлын албаны даргыг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонголт хийж, Төрийн албаны дүгнэлтийг үндэслэн томилж, чөлөөлнө.

2.43.Эрхэлсэн асуудлаараа өөрийн эрхийн хүрээнд Зөвлөлийг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, холбогдох албан тушаалтантай хүлээгдэлгүй уулзаж болно.

2.44. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь уналга, холбооны хэрэгсэл, Засгийн газрын гишүүн-сайдын нэгэн адил хангамж, нөхцлөөр хангагдана.

2.45. Зөвлөлийн Тэргүүний өгсөн үүрэг чиглэлийг холбогдох байгууллага хүмүүст уламжлан биелэлтэд хяналт тавина гээд нарийвчлан заасан. Мундаг эрх, үүрэгтэй.

Гэтэл зөвхөн ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн зарлигаар энэ албан тушаалын томилгоог хийдэг нь учир дутагдалтай болохыг бид энэ удаагийн кейс дээрээс харлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх хоёрыг салгаж харах аргагүй. Тэд олон замыг хамтдаа туулж ирсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ. Гэхдээ энэ бол тэдний хувь хүмүүс хоорондын харьцаа юм.

Харин яг ийм цаг үед, энэ ажлын тухайд болохгүй байна.

2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН ялж, АН ялагдсан.

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН буюу Х.Баттулга яллаа.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг харьяа байгууллагуудын боловсон хүчин АН, эсвэл Ерөнхийлөгчийн ойр хүмүүсээс бүрдэж байгаа юм. Энэ яалт ч үгүй болох зүйл. ЕТГ гэхэд ямар байх нь ойлгомжтой гэсэн үг. Харин ҮАБЗ-ийг ийм түвшинд бүрдүүлэх нь аюултай. Нэгэнт бүх ажлыг хариуцдаг Нарийн бичгийн даргыг нь “өөрийн” хүнээр томилчихоор энэ ҮАБЗ тэр чигтээ ийм сувгаар боловсон хүчнээ бүрдүүлж таарна.

Ингэж бүрдүүллээ гээд заавал албан тушаалаа ашиглаж, эсвэл хууль бус үйл ажиллагаанд оролцсон байх ёстой гэсэн үг биш. Гэвч хардлага заавал дагана. Одоо ч тийм нөхцөл байдал үүсээд байна.

Тэгэхээр энэ бүхнийг арилгах ганц л арга зам байна. Тэр нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ томилдог болох ёстой. Тэгж гэмээж нь энэ бүх нугалаа арилна. Шүүгчээс эхлээд олон албан тушаалд ийм горимоор томилгоо хийж болоод байна.

Өөрөөр хэлбэл, УИХ нэн даруй холбогдох хуулиудад ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын томилгооны процессыг өөрчлөх нэмэлтийг хийх боломжтой гэсэн үг.

А.Гансүхэд зориулахгүй гэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахнаас хэрэгжих хугацааг заах боломжтой юм.

Харин тэгэхдээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын хуульд заасан үүргийг гүйцэтгэчих чадалтай хүнийг томилох ёстой. Хамгийн гол нь хэн нэгний хаяг шошгогүй, бүлэглэлийн харьяалалгүй байх учиртай юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.12 БААСАН № 48 (6525)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624430
0 эможи

zochin
2021-03-12 13:31
za, yu ch medehgui bj meddeg yum shig niitlel bichdegee bolimoor yum daa, yadaj ardchilaliin tulguur zarchmaa ehleed unsh daa
keyboard_arrow_up