Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт өвс тараагаад нэг л том фермийн эзэн аятай явж байх юм. Бүхэл бүтэн улсыг төлөөлсөн УИХ-ын дарга хүн ганцхан Баянхонгорт л зуд болж байгаа юм шиг аяглаж, зудтай тэмцэж яваа баатрын дүрээр телевиз, радиогаар мэдээ, сурвалжлага цацуулаад сууж таарахгүй л дээ. Өнөө жил ганцхан Баянхонгор гэдэг аймагт зуд болоогүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэхэд л Дорноговь аймгийн нийт нутгийн 25 хувь цагаан зудтай, 35 хувь цагаанаар зудархуу, Мандах, Сайхандулаан сум туурайн болон харын зудтай гэсэн үнэлгээ хийгдэж байсныг санаж байна. Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас өчигдөрхөн цахим хуудсандаа байршуулсан мэдээндээ “Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна” гэж онцолсон харагдана лээ. Улс даяар зудын нөхцөл байдал сайнгүй ийм үед УИХ-ын дарга нь сонгогдсон тойргоо эргэж яваа хувь гишүүн маягтай хандлага гаргах нь зохисгүй харагдаж байна.

УИХ-ын даргаас гадна Монгол Улсын Төрийн тэргүүн нь бас цар тахлын үеэр хөдөө гадаа явж улстөржсөн шигээ явж байх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Салхитын мөнгөний ордод очиж олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж баахан бужигнасныг улс даяараа харж үзлээ. Өчнөөн сэтгүүлч дагуулчихсан, хамгаалалтын хувцас ч үгүй харайлгаж яваа нь үнэнийг хэлэхэд таатай биш харагдаж байна. Сонгуулийн өмнөх улс төрөө хийж явааг нь Ерөнхийлөгчийн “Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх даваа гаригаас Монголбанкинд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй”гэсэн үгнээс нь төвөггүй харчихаж болохоор. УИХ-ын даргын үйлдэл ч сонгуулиас өмнө баахан бэлэн мөнгө тараана гэж улстөржих Ерөнхийлөгчийнхөөс ялгарах юм байхгүй. Тойрогтоо сүрхий анхаардаг хүний дүр эсгэн улстөржиж яваа нь хэнд ч ил үнэн.

УИХ-ын дарга нь Баянхонгорт, Ерөнхийлөгч нь Асгатын мөнгөний ордод очиж ажиллаж байгаа нь цар тахлын үеийн хууль зөрчсөн үйлдэл биш үү. Иргэн Бат Улаанбаатараас Говь-Алтайд очсон бол наад зах нь 14 хоног хөл хорионд орох учиртай. Улс даяараа яг энэ журам хуулийг мөрдөж байгаа. Хөдөөнөөс ойрын хүнийх нь бие муудсан мэдээ авсан иргэн гэхэд л Улсын онцгой комисст өчнөөн удаа хандаж, ном журмынх нь дагуу орон нутаг явах эрхтэй болж буй. Хууль дарга, цэрэг гэж ялгалгүйгээр үйлчлэх ёстой. Ингээд харахаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ч тахлын үеийн хуулийг үг дуугүй сахиж дагах учиртай. Хөдөө гадаа ажиллах шаардлага үнэхээр байгаа бол адаглаад 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай. Гэтэл төрийн томчуулд тахлын хууль үйлчлэхгүй байгааг Г.Занданшатар, Х.Баттулга хоёрын сүүлд хийсэн улстөржилтөөс харчихаж болж байна. Тэдэнд хөл хорионы үеийн дэглэм огт үйлчлэхгүй байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой гэдэг үүднээс харвал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд бол Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх тангараг өргөчихөөд ажиллаж байгаа хүмүүс. Тангаргаа зөрчиж хуулийг уландаа гишгэснийх нь төлөө, цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчсөнийх нь төлөө хуулийн хариуцлага хүлээхийг шаардах нь зүй ёсны хэрэг л дээ. Хуулийг даргад долдойддог, доодост хатуу хэрэгжүүлсээр ирсэн шигээ хандмааргүй байна, энэ удаа. Ганц энэ удаа ч биш ерөөс хууль зөрчсөн хэнд ч төр төмөр нүүрээ харуулж чадаж байж улс шиг орших нь жам билээ.

Тахлын үед улс даяараа хөл хорионд орж, хөл хорионоос болж олон компани үүдээ барьж байгаа. Маш олон хүн орлогоо алдсан ч гамшгийн үед хууль номоо яг таг баримталж элдэв зовлон хэлэхгүй аж төрж яваа. Хэрвээ Ерөнхийлөгчөөсөө эхлээд хууль зөрчөөд байх юм бол эгэл ардад ч хуулиа яг таг мөрдөх шаардлага алга. Хуулиа дагаж амьдрах нь өөрөө утгагүй санагдаж байна.

Төрийн тэргүүн, УИХ-ын даргыг ямар ч хамгаалалт горим сахилгүйгээр хөдөө гадаа яваад байхаар “Вакцин хийлгэчихээд ингэж дураараа яваад байгаа юм биш үү” гэж хардах хүн ч цөөнгүй байх шиг. Үнэхээр иргэдээсээ нуугаад вакцин хийлгэчихсэн бол тэрийгээ зарлах хэрэгтэй. Улсаараа вакцингүй байгаа ийм үед амиа бодож вакцин хийлгэсэн бол буруугаа хүлээгээд огцрох ёстой. Ийм ёс зүйгүй хүмүүсээр төр удирдуулмааргүй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас сая хөндсөн асуудлууд дээр албан ёсны тайлбар хэлмээр байна.

Ц.БИЛИГ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623477
1 эможи

Зочин
2021-02-10 20:04
Дов жалгын узэл гаргаад, ухамсарын хир нь!!!
Зочин
2021-02-10 10:48
ард иргэдийг бол торгох хорино гээд л нөгөө эрх тэгш нийгэм
keyboard_arrow_up