Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат дээд боловсролгүй, ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ байжээ

Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан "Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг дээд боловсрол эзэмшсэн талаарх мэдээлэл нь зөрүүтэй, дипломын дугаар нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй" гэх БАРИМТЫГ өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.
Тэрбээр аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь дээд боловсролтой байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг онцолж, Э.Насанбатын боловсролын баримт бичигтэй холбоотой мэдээллийг хөндсөн байна.
Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын 2026 оны наймдугаар сарын 25-ны өдрийн албан бичигт Э.Насанбатыг Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбарыг 2002 онд төгссөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2011 онд магистрын зэрэг хамгаалсан гэх мэдээлэл Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэлгүй байгааг дурджээ.
Мөн Э.Насанбатыг 2009 онд Техник, технологийн коллежийг бакалаврын зэрэгтэй төгссөн гэх дипломын дугаар өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар Техник, технологийн их сургуулийн ректор Ц.Баярмаагийн 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн тодорхойлолтод дурдсан байна.
Түүнчлэн тэрбээр Э.Насанбатыг 2026 оны хоёрдугаар сард Увс аймгийн Засаг даргаар батламжлахдаа тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар боловсролын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хангалттай хяналт тавиагүй гэж шүүмжилжээ.
Үүнээс гадна Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Увс аймгийн захиргаанд хэдэн зуун сая төгрөгийн төсөв шилжиж ирсэн бөгөөд уг төсвөөс Ж.Батмөнх агсны хөшөөг бүтээлгэхээр уран барималч Б.Говьсайхантай 300 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан гэх асуудлыг хөндсөн байна.
Г.Баярсайханы мэдээлснээр, 20 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад хуульд заасан журмын дагуу тендер зарлах ёстой байтал 300 сая төгрөгийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон нь анхаарал татаж буй аж.
Ийнхүү Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатын боловсролын баримт бичгийн бүртгэл, томилгооны хууль ёсны байдал болон төсвийн хөрөнгөөр байгуулсан 300 сая төгрөгийн гэрээтэй холбоотой асуудалд холбогдох байгууллагууд тайлбар өгөх шаардлага үүсэж байна.

