ХХЕГ-ын дарга, генерал Ж.Бямбасүрэнд САХИЛГЫН ШИЙТГЭЛ ногдуулахаар болжээ ХХЕГ-ын дарга, генерал Ж.Бямбасүрэнд САХИЛГЫН ШИЙТГЭЛ ногдуулахаар болжээ
10 сарын 28, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХХЕГ-ын дарга, генерал Ж.Бямбасүрэнд САХИЛГЫН ШИЙТГЭЛ ногдуулахаар болжээ

2026 оны 10 сарын 28

Arslan.mn

Нөмрөгийн дархан цаазат газрын өргөн уудам нутаг түймэрт өртөж, байгаль экологид асар их хохирол учирсан байхад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Бямбасүрэнд сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар болсон нь хариуцлагын асуудлыг дахин хөндөж байна.

2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан түймэр нийт 528 мянга гаруй га талбайг хамарснаас 468 мянга гаруй га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэр байжээ. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газрын нийт талбайн ойролцоогоор 80 хувь түймэрт өртсөн гэсэн үг. Энэ бол зүгээр нэг гал түймрийн осол биш, байгалийн үнэт баялаг, экосистемд асар их хохирол учруулсан ноцтой үйл явдал юм.

Гэтэл ийм хэмжээний хохирлын дараа хариуцлагын асуудал хэрхэн шийдэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан бол Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд сануулах арга хэмжээ авахаар болжээ.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага алдсан албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцох, түймрийн шалтгаан болон холбогдох зөвшөөрөл олгосон үйл явцыг шалгах чиглэл өгсөн байна.

Эндээс харахад доод шатны удирдлагад хариуцлага тооцож байгаа ч байгууллагын хэмжээнд хяналт тавих, сахилга хариуцлагыг хангах үүрэгтэй дээд шатны удирдлагын асуудал мөн адил анхаарал татаж байна. Хил хамгаалах ерөнхий газрын дарга гэдэг бол зөвхөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бус, харьяа нэгжүүдийн хяналт, зохион байгуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй албан тушаал.

Мэдээж түймрийн шууд шалтгаан, албан тушаалтнуудын буруутай эсэхийг шалгалтын дүнгээр тогтоох ёстой. Гэхдээ хохирлын хэмжээ ийм өндөр байхад хариуцлагын арга хэмжээ ямар үндэслэлээр ялгаатай тогтоогдсоныг олон нийтэд тодорхой тайлбарлах шаардлага бий. Хэн зөвшөөрөл олгосон, хэн хяналт тавих үүрэгтэй байсан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж байсан эсэх, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан зэрэг асуудлыг бүхэлд нь шалгаж байж хариуцлагын бодит дүр зураг гарна.

Төрийн албан тушаалтанд хариуцлага тооцохдоо зөвхөн албан тушаалын түвшингээр бус, тухайн хүний хүлээсэн үүрэг, гаргасан шийдвэр, хяналтын доголдол болон түүнээс үүдсэн үр дагаварт үндэслэх ёстой. Хэрэв шалгалтаар удирдлагын түвшинд зөрчил, хариуцлагагүй байдал тогтоогдвол зөвхөн сануулах арга хэмжээгээр хязгаарлах эсэхийг хууль, бодит нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.  Иймээс Ж.Бямбасүрэн генералын асуудлыг зөвхөн сануулах шийтгэлээр хаах бус, шалгалтын үр дүн, хариуцлагын үндэслэл, цаашид авах арга хэмжээг ил тод мэдээлэх нь зүйтэй.

Нөмрөгийн түймэр бол зөвхөн нэг байгууллага, нэг албан тушаалтны асуудал биш шүү дээ.

Түүнчлэн энэ хэрэгт “Мобиком”-ын удирдлага, ажилтан, алба хаагчдын оролцоо, хариуцлагын асуудлыг ч орхигдуулж болохгүй. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаагаар хууль зөрчсөн, гэмт хэрэгт оролцсон нь тогтоогдвол холбогдох этгээд бүрд албан тушаал, эрх мэдэл, байгууллагын нэр хүндээс үл хамааран хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой.

Хууль хүн бүрд адил үйлчилдэг, шударга ёс албан тушаал, хөрөнгө мөнгө, нөлөөллөөс хамаардаггүй гэдгийг энэ хэрэг бодитоор харуулах учиртай. Харин хариуцлагыг хэн нэгнийг хамгаалах, асуудлыг намжаах, доод шатны ажилтанд тохож өнгөрүүлэх байдлаар шийдвэрлэвэл шударга ёсны зарчим алдагдана.

Хууль үнэхээр хэрэгждэг юм бол хэн нэгэнд давуу байдал олголгүй, буруутай нь тогтоогдсон этгээд бүрд хариуцлага тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх нь зүй ёсны шаардлага юм.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671256
0 эможи

keyboard_arrow_up