Түрээслээд өмчлөх орон сууцыг сонгосон иргэн түрээст ₮700.000, өмчлөлдөө ₮720.000 төлөөд 20 жилийн дотор байраа ӨМЧЛӨХ боломж бүрдэнэ

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна хэмээн мэдэгдлээ.
Одоогоор “Сэлбэ”, “Шархад”, “Солонго I, II” хороолол зэрэг төрийн мэдэлд 3572 айлын орон сууц баригдаж байна. Ирэх 2027 онд 8238, 2028 онд 11,246 гэх мэтээр нэмэгдэнэ. 2030 онд 40,000 айлын орон сууц ашиглалтад орно.
Хувийн компаниудын 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орно. 2030 он гэхэд 82,000 гаруй айлын орон сууц барина.
Төрийн мэдлийн эдгээр орон сууцыг урьдчилгаа төлбөргүй, ачаа дарамтгүй таван жил цувуулан бүрдүүлэх сонголтыг иргэддээ олгоно.
Дөрвөн сонголт байна.
- Түрээсийн орон сууц. Сарын түрээс ₮700,000
- Түрээслээд өмчлөх хэлбэр. Түрээсэндээ сард ₮700,000 төлнө. Түрээслээд өмчлөхдөө сард ₮720,000 төлнө. 20 жилийн дараа байр таных болно.
- Түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байна. Түрээсийн төлбөр дээрээ нэмээд сар бүр ₮860,000 таван жилийн турш төлөөд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой.
- Хамтын өмчлөл буюу “Shared mortgage” гэх цоо шинэ хувилбарыг танилцуулж байгаа. Орон сууцны тань 50 хувийг түрээс эсвэл түрээслээд өмчлөхөд тооцно. Үлдсэн 50 хувьд нь зээл авна гэсэн үг. Ингэхээр урьдчилгаа төлбөрийн босго 2 дахин намсана гэсэн үг.
Хувийн компаниудын барих 60,000 орон сууцанд зургаан хувийн зээлд хамруулна. Анх удаа орон сууцтай болох айл өрхөд зориулна. 39,000 айлыг зургаан хувийн зээлд хамруулна. 21,000 айлыг эхний гурван жилд нь зургаа хувь, үлдсэн 17 жилд 12 хувийн зээлд хамруулах зэрэг сонголттой. Хотын бүс, байршлаас хамаарч, хүн амын төвлөрөл, ачаалал, түгжрэлийг давхар тооцсон хүү, нөхцөл нь өөр өөр байхаар төлөвлөлөө гэв.

