Ц.Сандаг-Очир: Баавгайтай “улаан“ гараараа тулж байгаа тул ₮1,8 тэрбумыг улсын нөөцөөс гаргахаар боллоо

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Орон нутгийн байгаль орчны улсын байцаагч нарт тусгай зориулалтын багаж техник хомс, улаан гараараа шахуу ажиллаж байгаа учраас Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 88 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн.
Улсын байцаагч нар маань "улаан" гараараа буюу мотоциклтой нь унаад, тээврийн хэрэгсэлгүй нь явганаар хүрч очин олс дээсээр бугуйлдаж баавгайтай тэмцэж байна.
Багаж, зориулалтын хэрэгсэл байдаггүй. Тиймээс энэ хөрөнгөөр ой бүхий 12 аймгийн Байгаль орчны газарт зориулан тусгай унтуулдаг сумтай 12 ширхэг буу худалдан авч нийлүүлэх, байгаль хамгаалагчдыг зэвсэг хэрэглэх, мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтрах сургалтад хамруулах, үргээх зориулалтын тусгай цацлага, тоног төхөөрөмж худалдан авах, тусгай хамгаалалттай газар нутгуудад амьдаар нь барих тор бэлтгэх, байгаль хамгаалагчдын бензин шатахуун, томилолтын зардлыг шийдвэрлэх, идэш тэжээлгүй болсон бүс нутгуудад биотехникийн дэмжлэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажлыг санхүүжүүлнэ.
Мөн тусгай хамгаалалттай газруудад баавгайг амьдаар нь барих тор хийлгэх, амь тулсан нөхцөлд амиа аврах үүднээс баавгайг буудах чиглэлийг өгсөн гэв.
