Сарын ₮30 саяын цалинтай гэх Г.Ёндон “Эрдэнэт“ үйлдвэрийн захирал болсноор жилийн орлого ₮31 саяас ₮720 сая болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ

Төрийн өмчит компанийн захирлуудын хамгийн өндөр цалин 20-30 сая төгрөг бөгөөд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Г.Ёндон нар хамгийн өндөр буюу сард 30 сая төгрөгийн цалин авдаг гэж буй.
Засгийн газар төрийн өмчит компаниудын удирдлагын цалинг шат дараатай бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээ өмнө мэдэгдсэн билээ. Тухайлбал, "Эрдэнэт" ТӨҮГ-ын захирал Г.Ёндонгийн ₮30 саяын цалинг 4,5 сая болгож бууруулна гэж байсан.
Тэгвэл сарын ₮30 саяын цалинтай “Эрдэнэт“ үйлдвэрийн захирал Г.Ёндонгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний жилийн орлого буюу цалин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал болсноор 31 сая төгрөгөөс 720 сая орчим төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд хадгаламж нь 332 саяас 1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэж мэдүүлжээ.Энэ бол зөвхөн ХОМ-т мэдүүлсэн л орлого, хөрөнгө төдий...
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮720 сая /УУХЯ-ны сайд албан тушаалтай байх үед буюу 2021 онд ₮31 сая/
Гэр бүлийн орлого: ₮18 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮828 сая /Орон сууц-2, Авто граж-2/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮45 сая /Эзэмших-700м2 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮119 сая
Хадгаламж: ₮1 тэрбум
Авлага: ₮232 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэдгээр хэвлэлээр олны шүүмжлэлд өртөж байсан удаатай.








