ТЭРБУМЫН зөрчил гаргасан гэх хурандаа С.Батбямба ШШГЕГ-ын дэд даргаар томилогдсон гэв үү

ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдөөд буй С.Амарсайхан өнөөдөр тушаал гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) хоёр дэд даргын албан тушаалд шинэ хүмүүс томилсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Үндэсний аудитын газрын Дотоод аудитын газрын дарга, хурандаа С.Батбямба, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Х.Оюунболд нарыг тус газрын дэд даргаар томилох тушаал гаргасан аж.
Хурандаа С.Батбямбагийн хувьд өмнө нь ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байхдаа бараа материалыг зах зээлийн үнээс өндөр үнээр үнэлж, улмаар тэрбум орчим төгрөгийг хувийн байгууллагад шилжүүлсэн гэх асуудалд нэр холбогдож байсан талаар тухайн үед мэдээллийн сайтуудаар мэдээлж байв.
Тухайн үед түүнд хариуцлага тооцохын оронд ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар томилсон гэх шүүмжлэл гарч байсан юм.
Харин ийнхүү С.Батбямбыг ШШГЕГ-ын дэд даргаар томилсон гэх мэдээлэл гарч байгаа нь анхаарал татаж байна.
Хурандаа С.Батбямбын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮52 сая
Гэр бүлийн орлого: ₮10 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮324 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮66 сая /Хонь-180, Адуу-20, Үхэр-12/
Газар: ₮70 сая /Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮45 сая
Хадгаламж: ₮57 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮87 сая гэж мэдүүлжээ.
