“Зүрх судасны үндэсний төв“-ийн шинэ барилгын шавыг тавилаа “Зүрх судасны үндэсний төв“-ийн шинэ барилгын шавыг тавилаа
09 сарын 17, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Зүрх судасны үндэсний төв“-ийн шинэ барилгын шавыг тавилаа

2026 оны 9 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх "Зүрх судасны үндэсний төв"-ийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш хамтран ажиллахдаа зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит үр дүнд хүрсэн байна. Энэ хугацаанд Монгол Улсын 10,000 хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24.4-өөс 16.7 болж буурч, зүрх судасны өвчнөөр оношлогдсон иргэдийн нас баралт дөрөв дахин буурсан байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид мэдлэг, ур чадвар, технологийн сууриа тавьж чадлаа. Харин өнөөдрөөс бид дараагийн 25 жилийн хөгжлийн суурийг тавьж байна.” хэмээн онцоллоо.

Мөн “Бид зөвхөн барилга барихгүй. Барилгатайгаа зэрэгцүүлэн хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө төлөвлөж, тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны тогтолцоогоо бүрдүүлэх ёстой” гээд  шинэ төв ашиглалтад орсон өдрөөсөө бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд  онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийллээ.

Шинэ төв нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, мэс засал, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээс гадна сургалт, судалгаа, инновац, хүний нөөцийн хөгжлийн үндэсний төв болон ажиллах юм.

Arslan.mn

Монгол орны өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшлыг харгалзан зүрх судасны тусламж, үйлчилгээнд телемедицинийг 2001 оноос нэвтрүүлсэн нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулахад чухал ач холбогдолтой болсон. Үүний үр дүнд шаардлагагүй шилжүүлгийн хувь 80.3-аас 38.1 болж буурсан байна.

Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо 2008 оноос хойш 13 дахин өсөж, өнөөдөр Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна. Шинээр байгуулагдах Зүрх судасны үндэсний төв нь зөвхөн эмнэлгийн шинэ барилга бус, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, мэс засал болон сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх үндэсний хэмжээний лавлагаа төв болон хөгжих юм.

Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулах, сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлэх, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний төв болох зорилттой.

Зүрх судасны үндэсний төвийг байгуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая евро байхаар төлөвлөгдсөн бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 34.9 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр хэрэгжинэ. Люксембургийн Их Гүнт Улс 2001 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, зүрх судас, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670714
1 эможи

keyboard_arrow_up