Оюутолгой төслийн “ногдол ашиг“-ийг 2027 оноос хуваарилна

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хэлэлцээг эцэслэн тохиролцжээ. Мөн төслийн ногдол ашгийг 2027 оноос хуваарилахаар болсон байна.
Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Оюутолгойн төслийн зардлыг бууруулахаар тохиролцсоныг онцолжээ. Тодруулбал, менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг, нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулах боломж бүрджээ.

Мөн Монголын талын төлөөлөгчид Оюутолгой төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоныг онцолсон байна.
Харин “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт хэлэлцээрийн дараа хоёр талын хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлийг онцолжээ.
Тэрбээр “Өнөөдөр бид хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Менежментийн үйлчилгээний төлбөрийг мөн буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн” гэв.

