ФОТО: Гемофилийн эсрэг эмийн хангамжийг нэг эх үүсвэрээс бүрдүүлж, эмчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдлээ

Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорон, Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, ЦССҮТ-ийн дарга Б.Нарантуяа болон ЭМЯ, ЦССҮТ, Монголын Үндэсний Гемофилийн холбооны төлөөлөл оролцлоо.
Э.Батшугар: Иргэн бүрд шаардлагатай эмийн хангамж нь тасралтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар эмийн нэгжийн үнийг бууруулж, 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон. Улмаар хэмнэсэн хөрөнгийг дахин үр ашигтай зарцуулж, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай 3 нэр төрлийн эмийг нэмж захиалжээ.
Ингэснээр нийт 5 нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг хүлээн авч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байна.
Төсвийн хэмнэлт гэдэг зөвхөн мөнгө хэмнэсэн үзүүлэлт биш. Харин хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэж чадсан бодит үр дүн байх ёстой. Энэ удаагийн худалдан авалт үүнийг бодитоор харууллаа.
Иргэн бүрд шаардлагатай эмчилгээ нь хүртээмжтэй, эмийн хангамж нь тасралтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ”хэмээн онцоллоо.
Лионел Лорон: Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам боллоо

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон "Өнөөдөр ийнхүү эмийг хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Цус бүлэгнэлтийн нөхөх эмчилгээг цаг алдалгүй авах нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг “Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор 5 нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторын бүтэн жилийн хэрэгцээг хүлээн авч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдлээ.
Нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгож, хэмнэсэн хөрөнгөөр нэн шаардлагатай 3 нэр төрлийн эмийг нэмж захиалсан байна.
Монгол Улсад гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй бөгөөд шаардлагатай эмийн хангамжийг тасралтгүй хүргэх нь эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар цаашид төрөөс төлбөрийг нь хариуцдаг, нэн шаардлагатай эмийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахад анхаарч ажиллана." гэдгийг онцлов.

Өнөөдөр хүлээлгэн өгч буй рекомбинант VIII, IX факторууд нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалттай зах зээлд нийлүүлэгддэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн бөгөөд гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний хэрэгцээг тогтвортой хангах боломжийг нэмэгдүүлж байна.
Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахын зэрэгцээ эрэлт хэрэгцээнд суурилсан төлөвлөлт, чанарын баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна.





