Монгол, Израйлийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

UNCCD COP17-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Израйлийн МАШАВ-ын захирал Эйнат Шлейн, БНХАУ-д суугаа Элчин сайд Элиайв Белоцерковский нартай уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ удаагийн уулзалтаар өмнө нь эхлүүлсэн хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэн сэргээж, шинэ шатанд гаргах саналтай байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал:
- Түлэнхийн тусламж, шархны менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр Израилийн мэргэшсэн эмнэлгүүдтэй хамтран ажиллах;
- Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, туршлага солилцох;
- МАШАВ-ын сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг тогтмол хамруулах;
- Монгол Улсын хэрэгцээнд нийцсэн тусгай сэдэвт сургалт, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах.
Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг зөвхөн туршлага солилцох түвшинд бус, эмч, мэргэжилтний чадавх, эмчилгээний технологи, бодит үр дүнд чиглэсэн урт хугацааны түншлэл болгон хөгжүүлэх нь бидний зорилго.

Монгол, Израйлийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үр өгөөжтэй түншлэлийг өргөжүүлнэ.


