Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.17) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын трасс дагаж, бүтээн байгуулалтын ажлын явц, чанар технологийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Энэ өдөр Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 хурлаар дэлхийн улс орнууд цаг уурын өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэн байгальд ээлтэй орчин, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэхийн төлөө олон шийдлийг хэлэлцэж байна.
Энэ цаг үед Монгол Улсын нийслэлээс хортой, аюултай 34 нэр төрлийн ачаа тээврийг хотоос гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхээр Засгийн газраас дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нь нэн чухал ач холбогдолтой юм.
Энэ хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хяналт шалгалтын ажлаа Дундговь аймаг руу салах авто замтай нэг түвшинд огтлолцох гүүр, гармын хэсгээс эхлүүлж, Хөшгийн хөндий, Шувуун фабрик чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлын явц, чанар гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж ажиллалаа.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН УЯЛДААГ САЙЖРУУЛЖ, СААТЛЫГ АРИЛГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Төслийн эхний 87 км нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш чиглэн үргэлжилдэг.
Энэ хэсгийн үндсэн бүтээн байгуулалтын ажил дуусаж, одоо төмөр замын чанар, нягтрал болон ашиглалтад бэлтгэхтэй холбоотой эцсийн шатны ажил үргэлжилж байна.
Сайд энэ хэсэгт төмөр замын хайрга чигжих, замын нягтрал, суурийн ажлын гүйцэтгэлтэй нарийвчлан танилцаж, технологийн горим, чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгалаа.
Мөн төмөр замын трасс дагуу ажиллах үеэр бүтээн байгуулалтын ажлууд хоорондоо уялдаатай явж байгаа эсэх, нэг хэсгийн гүйцэтгэл нөгөө хэсгийн ажлын эхлэх хугацаанд шууд нөлөөлж байгааг сайд онцолж, гүйцэтгэгч байгууллагуудын зохион байгуулалтыг илүү сайжруулж ажиллах шаардлагатайг санууллаа. Түүнчлэн төмөр замын доод бүтэц, гүүр, ус зайлуулах хоолой, нүхэн гарц болон хиймэл байгууламжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж буй зарим туслан гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажилтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулж, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумаас цааших хэсгийн зарим цэгт дээд бүтцийн угсралтын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд суман шилжүүлэг, бетонон дэр зэрэг шаардлагатай материалын татан авалтыг шуурхайлах, цаг ашиглалтыг сайжруулах, ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн бороо, үерийн ус орж ирснээс жаазан гүүрийн ажил түр хугацаа алдсан, зургийн алдаанаас үүдэж, барилгын ажилд гурван удаа өөрчлөлт хийсэн гэх “Кроун хил” компанийн ажлыг 2026 оны 08 дугаар сарын 20 гэхэд дуусгах, гэрээнд заасны дагуу санхүүжилтийн урьдчилгаа 30 хувийг олгох асуудлыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиралд даалгав.
ШУВУУН ФАБРИК ОРЧИМД ТРАССЫН ДАГУУХ ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, НИЙСЛЭЛЭЭС ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАЗАР ОЛГОХООР БОЛЖЭЭ
Шувуун фабрик орчимд төмөр замын трасс таарсан айлуудын газар чөлөөлөлтийн асуудал үүсээд байсныг өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл уг асуудлыг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн айлуудад өөр байршилд газар олгох зохицуулалтыг хийж ажиллахаар болсон байна.
Мөн Нийслэлийн газрын албанаас тухайн айлуудын газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний хариу 8 дугаар сарын 20-нд гарахаар хүлээгдэж байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, суурь судалгаа хариуцсан төвийн Төслийн нэгжийн дарга Л.Идэрбат хэлж байлаа. Үнэлгээний хариу гарсны дараа тухайн айлууд нүүж, төмөр замын трассын газрыг чөлөөлж өгөхөөр төлөвлөж байгаа аж.
ТУУЛ ГОЛЫН 476 МЕТРИЙН ГҮҮРИЙН АЖИЛД ГАЗАР ДЭЭР НЬ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ
Төслийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Туул голын гүүрийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Нийт 476 метр урттай уг гүүрийн барилгын ажлын хүрээнд 20 дам нуруунаас 18-ыг нь суурилуулаад байгаа бөгөөд инженерүүдийн мэдээлснээр өнөөдөр дөрвөн дам нуруу тавьжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус хэсэгт төмөр замын дээд бүтцийн угсралт болон 80 тоннын даацтай дам нуруу суурилуулах ажлын явцтай танилцлаа. Туул гол дээгүүрх гүүрийн ажлыг “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК гардан гүйцэтгэж байгаа бөгөөд бороо усны хүндрэлтэй нөхцөлд ажлын эрчийг алдахгүй хариуцлагатай сайн ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.
Энэ үеэр мөн зарим компанийн тулгамдсан асуудлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Тухайлбал, зураг төсөл нь оройтож батлагдсан, тендер нь оройтож зарлагдснаас болж, ус зайлуулах хоолой, нүхэн гарцын ажил нь оройтож эхэлсэн гэх “Нью процесс” ХХК-ийн ажлыг ирэх сард бус энэ сард багтаан дуусгах, ажлыг эрчимжүүлэх, хоёр хоногийн дараа ирэхэд ахицтай ажилласан байхыг хатуу санууллаа.
Мөн өмнө нь газарзүйн байршил, онцлогоос шалтгаалан нүхэн гарц, хоолойн ажлыг хийх шаардлаггүй гэж үзээд ажлыг нь цуцалсан “Дойч роуд” ХХК-ийн хийсэн ажлын төлбөр тооцоо, нөхөн олговрыг 2 хоногийн дотор тооцож олгох, тус компанид байгаа хэв хашмал, 80 тн арматурыг өөр компани руу шилжүүлэн тооцож мөнгийг нь олгох зэрэг тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох дарга нарт үүрэг өгөв.










