АУДИТ: Д.Алтанцэцэг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр“ТӨХК-ийг найман жил удирдаж, ₮31 тэрбумын АЛДАА, ЗӨРЧИЛД ХУТГАЖЭЭ

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 23-нд "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.
Тодруулбал, аудитаар нийт 31 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд 30 тэрбум төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 749.6 сая төгрөгийн зөрчилд 2 зөвлөмж өгчээ.
Тухайлбал, "Монголиан транс ложистик" ХХК-аас авах төмөр зам ашигласны төлбөртэй холбоотой үүссэн 688 сая төгрөгийн авлага, батлан хамгаалах яамтай байгуулсан газрын тосны үйлдвэрийн хотхоны 95 айлын орон сууц барих гэрээний урьдчилгаа төлбөр 2 тэрбум төгрөг нийт 2,7 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй хугацаа хэтэрсэн авлага үүсгэсэн байна.
Мөн бичиг хэрэг, шатах тослох материалыг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгалгүй 76.4 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.
Товчхондоо, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК нь хүүгийн зардлыг бууруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг аваагүй, Худалдан авах ажиллагааны батлагдсан төлөвлөгөөнд тусгалгүй шууд худалдан авалт хийдэг зөрчлийг таслан зогсоох албан шаардлагыг Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгт хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК гүйцэтгэх захирлаар Д.Алтанцэцэг 2018 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж буй.


